Шууд Chart

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” гэж өөрчлөхөөр шийдвэрлэлээ

2021-06-25 06:43:58

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Б.Саранчимэг нарын гишүүдээс 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэпг бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн ахны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар төслийн 1 дүгээр зүйлийн “Үндэсний ном бичиг, соёлын өдрүүд” гэснийг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан төслийн 1 дүгээр хавсралтад заасан медалийн болон медалийн байгуулалтын лого зургийн зарим хэмжээг өөрчлөх талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулсан. Дараа нь тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжлүүлэв.


“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” гэж өөрчлөхөөр шийдвэрлэлээ  
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй