Шууд Chart

ТБХ: Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын 3 дахь хэлэлцүүлгийг хийж, төрийн аудитын байгууллагын тайланг хэлэлцэв

2021-07-07 14:13:02

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.07) цахим хуралдаан 09 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Засгийн газраас  2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуралдаанд Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны 42.1.1-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслийн талаар санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.  

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. 


Хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, С.Одонтуяа, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос эрүүл мэндийн байгууллагууд үзүүлсэн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр буюу Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрөө авахаар хуульчилсан. Харин Эрүүл мэндийн даатгалаас авсан санхүүжилтээ хэрхэн зарцуулах нь  Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь тухайн жилийн төсөв хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхтэй гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариултдаа тодотгоод Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлтэйгөө үнэ тарифаа тохирсон бол хуулийн хүрээнд цалин нэмэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлаж байлаа.  

Мөн ажлын хэсгийн зүгээс 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн эмнэлгүүдэд гүйцэтгэлээр нь санхүүжилтийг нь өгч байна гэсэн нэмэлт тайлбарыг хийв. 


Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулахаар тогтсон. 


ТБХ: Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын 3 дахь хэлэлцүүлгийг хийж, төрийн аудитын байгууллагын тайланг хэлэлцэв  
Үзсэн: 750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй