Шууд Chart

ТББХ: Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2021-07-07 15:15:52

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.07) хуралдаан 11 цаг 13 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас өнгөрсөн сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулав. Байнгын хороо хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй зарим засвар оруулан эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараажээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу хоёр саналын томьёолол бэлтгэснийг танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу бэлтгэсэн хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар тогтов.

Улсын Их Хурлын даргын захирамжаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Мөн уг ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй ажлын дэд хэсэг байгуулагдаж ажилласан байна.


ТББХ: Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй