Шууд Chart

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ

2021-07-07 15:21:47

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ талаар хийсэн танилцуулга хийсэн юм.

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авчээ. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 20, АН-ын бүлэг 18, Засгийн газар 136, Байнгын хороод 63, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд 8, Д.Батлут 1, нийт 245 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 64 хуулийн төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд нэр зааж оруулсан байна.

Мөн уг тогтоолын төсөлд Коронавирусын халдварт (КОВИД-19) цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүрт нь хэлэлцэх, хоёрт, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрт нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоохоор тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос төсөлд нэмж тусгуулахаар гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хурааж шийдвэрлэсэн. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь тогтоолын төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тогтоолын төслийг батлуулахаар тогтлоо.


Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй