Шууд Chart

Э.Цэндбаатар: Одоо би дахиж алдахгүй ээ

2021-07-23 10:49:18

Монгол Улсын гавьяат тамирчин цолыг саяхан хүртсэн Э.Цэндбаатарын 2019 онд өгсөн ярилцлагаас түүвэрлэн хүргэе. Тэрбээр “Токио-2020” олимпын наадамд 57 кг-ын жинд өрсөлдөнө.

Түүнийг мөрөөдлөө биелүүлж, олимпын аварга болохыг уншигчдынхаа өмнөөс хүсч байна.  

Тэрбээр “Би багадаа олимпын аварга болж буйгаар өөрийгөө төсөөлдөг байлаа. Бүр цаасан дээр зурснаа одоо ч хадгалдаг. Тэгэхдээ би алт, Кубын тамирчин мөнгө, ОХУ, Узбекистаны боксчин хүрэл медаль авснаар дүрсэлсэн юм. Энэ мөрөөдөл маань "Рио 2016"-д биелэх дөхсөн, жаахан л өөр байсан болохоос. Уг нь Ш.Стивенсоныг ялсан л бол Риогийн олимпоос алтан медаль хүртсэн Куба эрийг дийлээд, түрүүлэх боломжтой байсан.

Би үеийн боксчиддоо "Ах нарыгаа ялж байж л дэлхийн энтэй тамирчин болно. Тэгэхгүй бол бэлтгэл хангагч нь болохоос өөр сонголтгүй" гэж захидаг.

Олимпын дараа эх орондоо ирэхэд намайг уруу татах хүн олон байсан. Хэн нэгэн наашаа гэхээр нь далдаганаж очоод, гэнэн байж дээ.

Хандгайтад байрласан байрнаасаа шөнөөр явсан нь бидний буруу. Би шигшээгийн зарим тамирчинтай дарвиж гараад, шоудсан. Уг нь бид ямар нэгэн асуудал гаргалгүй шууд бэлтгэлийн байр руугаа буцах гэж байсан юм. Архины хар мөр л дөө. Нэг газраас гарч явтал хэдэн залуу араас ирснээ элдвээр хэлсэн. Бид эхэндээ "Шөнийн цэнгээний газар зодуулсан залуустайгаа андуурч байгаа бололтой" гэж бодсон юм.

Тэгээд "Та нар хүн андуураад байна. Бид боксчин. Ямар нэгэн асуудал үүсгэмээргүй байна" гэтэл нэг нь "Чи муу боксчин байхаараа яадаг юм бэ. Томроод байгаа юм уу" хэмээнгүүтээ зодоон эхлүүлж, "Ална" гэж учир зүггүй дайрсан.

Бид аль болох зодолдохгүйг хичээн, зугтаасан юм. Би такси барих гээд зогсож байтал нөгөө залуус араас машинаар гүйцээд ирдэг юм байна. Бүр урсгал сөрөнгүүтээ над руу тулаад ирлээ. Арай ч дайрчихгүй байлгүй дээ л гэж би бодсон л доо. Нэг мэдэх нь ээ эмнэлэгт хэвтэж байсан. Нүүр авах юм байхгүй. Автомашинд дайруулсан болохоос зарим хэвлэлд нийтэлсэн шиг хүнд зодуулж, бусадтай зодолдоогүй. Бүх зүйл орвонгоороо эргэхэд үнэхээр хүнд байсан. Амьдрах итгэлгүй болдог юм билээ. Охиныхоо живхийг солихоос авхуулаад мөнгөний хэрэглээ юу эс мундах вэ. Гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийсэн.

Эргэж ирэхгүй цаг хугацааг яалтай. Хэрвээ би 2017 онд Азийн АШТ-д оролцоод, хоёр жилд нэг удаа болдог ДАШТ-ий эрх аван, дэлхийн дэвжээнд өрсөлдсөн бол гэж бодохоор харамсалтай. 2017 онд ДАШТ-ээс медаль авсан бүх тамирчныг би өмнө нь ялсан байсан шүү дээ. Тэднийг медаль хүртэж буйг зурагтаар хараад шар гозойсон. Тэгээд л бүхнийг шинээр эхлэхийн төлөө зүтгэж, чармайж явна. Одоо би дахиж алдахгүй ээ. Гашуун идээнээс хол байгаарай, мөрөөдлөө зөв тодорхойлон, түүнийхээ төлөө тууштай зүтгээрэй гэж залуустаа захья” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Цэндбаатар: Одоо би дахиж алдахгүй ээ  
Үзсэн: 1081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй