Шууд Chart

Д.Мөнхбаяр: Би ийм сайхан газрын диваажинд мэндэлж, Монгол түмнээ баярлуулж явснаараа эцсийн амьсгал хураатлаа бахархана

2021-07-23 11:04:11

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпын хошой хүрэл медальт Доржсүрэнгийн Мөнхбаярын 2019 онд өгсөн ярилцлагыг уншигч танаа хүргэе.

Тэрбээр “Зах зээлийн ороо бусгаа үед олимпоос медаль авсан тамирчны нэг нь би. Тухайн үед санхүүгийн хүндрэл их байлаа. Тэмцээнд оролцохоор олон сарын турш бэлтгэл хийнэ, өнөө маргаашгүй явахын өмнө “Тэмцээний зардал бүтсэнгүй. Оролцохоо больё” гэх энүүхэнд. Өдөр бүр ачаалалтай бэлтгэл хийнэ, өндөр амжилт гаргах боломж, итгэл дүүрэн байгаа мөртлөө гадагшаа тэмцээнд оролцож чадахгүй байх ямар хэцүү гэж санана. Төр засаг, буудлагын холбооныхноосоо “Санхүүгийн боломж алга. Энэ удаа өнжихөөс өөр аргагүй боллоо” гэх үгийг сонсохоос халгана. Буудлагын спортын ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог. Гэтэл би санхүүгийн боломжгүй, төрөөс дэмжээгүйн улмаас 1990, 1994 онд дэлхийн дэвжээнд өрсөлдөж чадаагүй. Бүхэл бүтэн найман жилийн хөдөлмөрөө салхинд хийсгэсэндээ их харамссан. Тийм хүнд үед хэчнээн хүсэхгүй байсан ч иргэншлээ сольж, дэмжлэг сайтай өөр орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцох бодол төрдөг юм билээ. Ааваас асуухад “Би чамайг хааш нь ч явуулахгүй. Намайг нас барсны дараа л энэ талаар бодоорой” гэж загнасан. Би эхээс дөрвүүлээ. Намайг гурван настай байхад аав, ээж хоёр салсан юм. 1994 он буюу аавыг өөд болсон тэр жил ДАШТ-д санхүүгийн хүндрэлийн улмаас оролцож чадаагүй нь нөхцөл байдлыг бүр дордуулсан. Охиныхоо аавтай үерхэж байгаад салчихсан юм. Тэгээд л дараа жил нь ой гаруйхантай охиноо тэврээд харийн орныг зорьсон доо. Тэнд би таван жил сурсныхаа дараа Германы иргэн болсон. Үндэсний шигшээ багаас гарчихсан болохоор сурангаа хувийнхаа зардлаар тэмцээнд оролцдог байлаа. Бэлтгэл, тэмцээний хажуугаар охиноо өсгөнө. Европт амьдрангаа олон улсын тэмцээнд оролцоход хавьгүй амар, санхүүгийн хувьд ч төсөр. Олон жил хөдөлмөрлөснийх ДАШТ-ээс медаль авч чадахгүй байсан ч хамаагүй ядахдаа өрсөлдөөд үзчих юм сан гэдэг хүсэл намайг зүгээр суулгаагүй. Хичээж байгаад 1998 оны ДАШТ-д оролцох болзол хангасан. Нэгэнт эрх авсных ганцаараа бус багаараа оролцох гээд Д.Оюун, О.Гүндэгмаа хоёртой хамт багийн төрөлд өрсөлдөх санал тавихад дуртайяа хүлээж авсан ч нөгөө л санхүүгийн хүндрэл манай хоёрыг тойроогүй. Тэр үед О.Гүндэгмаа байраа барьцаанд тавин тэмцээний зардлаа босгосон гэдэг. Тэгж ДАШТ-нд цэц сорихдоо, би Дэлхийн аварга болж, бид гурав багийн төрөлд хүрэл медаль хүртсэн түүхтэй. “Барселона-1992” олимпоос хүрэл медаль авчихаад төрийн далбаагаа мандаж байхыг харсан баярт мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Одоо ч гэсэн өчигдөр болсон мэт тодхон санаж байна. Яг тэр мэдрэмжийг Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртэхдээ дахин мэдэрсэн. 16 жилийн дараа дахин хүрэл медаль хүртэхэд үнэхээр гоё байсан. Бээжингийн олимпын тэнгэрт Монголынхоо Төрийн далбааг мандах мөчид О.Гүндэгмаагаараа бахархаж байлаа. Герман Улс олимпын хүрэл медальтай боллоо гэж би баярлаагүй. Герман улсын иргэн болсон л бол Германаар сэтгэж, Германыг бодно гэж юу байх вэ. Тухайн үед “Би чадлаа” л гэж бодож, баярласан, бас уйлсан. Яагаад гэвэл би хувь хүн, өөрийнхөө л хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээрээ амжилтад хүрсэн учраас тэр. Би ийм сайхан газрын диваажинд мэндэлж, Төрийнхөө дууллыг дэлхийн дэвжээнд эгшиглүүлэн, Монгол түмнээ баярлуулж явснаараа эцсийн амьсгал хураатлаа бахархана. Германы тамирчин болчихлоо гэх ганцхан өнцгөөс харан, эх орныхоо төлөө төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн хөдөлмөр, амжилтыг минь үгүйсгэхэд гомдмоор, харамсмаар санагддаг. “Өдий хүртэл ингэж доромжлуулахын төлөө зүтгэсэн гэж үү” гээд бодохоор уйлмаар. Би маш их шаналсан, шархалсан” гэж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Мөнхбаяр: Би ийм сайхан газрын диваажинд мэндэлж, Монгол түмнээ баярлуулж явснаараа эцсийн амьсгал хураатлаа бахархана  
Үзсэн: 1988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй