Шууд Chart

“Токио-2020” олимпын наадам 40 гаруй спортын байгууламж, цэнгэлдэх хүрээлэнд болно

2021-07-23 15:15:23

“Токио-2020” зуны 32 дахь удаагийн олимпын наадмын тэмцээн, уралдаан 40 гаруй спортын байгууламж, цэнгэлдэх хүрээлэнд болох аж.

Токио хотын бүсэд олимпын 33 объект байгаагаас 20 нь олимпын тосгоноос 8 км дотор байрладаг гэнэ. Бүсчлэлийн хувьд гол объектууд нь “Төвийн бүс” болон “Токиогийн булангийн бүс” гэсэн хоёр үндсэн кластерт төвлөрчээ.

Олимпын нээлтийн болон хаалтын ажиллагаа Токио хотын шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус стадионыг 2015 оны тавдугаар сард буулгасан 1964 оны олимпын “Ёёги” цэнгэлдэх хүрээлэнгийн буурин дээр барьжээ. Токиогийн олимп болон паралимпын наадамд зориулсан шинэ цэнгэлдэх хүрээлэнг 2016 оны арванхоёрдугаар сараас буюу төлөвлөсөн хугацаанаас 14 сарын дараа эхлүүлсэн байна. Ийн хоцорсон шалтгаан нь 2012 онд Ирак гаралтай Их Британийн архитектор Заха Хадидын танилцуулсан анхны төсөл хэт өндөр өртөгтэй байна гэж Японы архитектор, албан тушаалтнууд эсэргүүцсэнтэй холбоотой аж.

Харин Японы архитектор Кенго Күмагийн танилцуулсан шинэ төслийг Японы Засгийн газар 2015 онд баталжээ. Анхны төсөлтэй харьцуулахад шинэ төслийн өртөг 2.1 тэрбум ам.доллароос 1.2 тэрбум ам.доллар болж буурсан ба суудлын тоо мөн 80 мянгаас 68 мянга хүртэл цөөрүүлжээ.

Олимпын үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадна тал бүхлээрээ Японы бүх 47 мужаас авч ирсэн модоор хийгдсэн аж. Архитектор өөрөө энэхүү бүтээлээ “Амьд мод” хэмээн нэрлэжээ. Цэнгэлдэх хүрээлэнг сүм дуган барих Японы уламжлалт аргаар барьсан ба нийт 157 тэрбум иен зарцуулсан байна. Байгууламжийн дизайн, агааржуулалтын хамгийн сүүлийн үеийн систем нь Токиогийн зуны 40 хэмийн аагим халуунаас хамгаалах гэнэ. Олимпын нээлт болон хаалтаас гадна энэхүү цэнгэлдэх хүрээлэнд хөнгөн атлетикийн тэмцээнүүд болох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Токио-2020” олимпын наадам 40 гаруй спортын байгууламж, цэнгэлдэх хүрээлэнд болно   
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй