Шууд Chart

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүрэл медалийн оосроос “атгаад” алдлаа

2021-08-01 17:11:51

“Токио-2020” олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялагдаж, ОХУ-ын боксчин Альберт Батыргазиев хүрэл медалийн болзол хангалаа.  

Тэмцээн эхэлсэн үеэс манай улсын тамирчин тулааныг гартаа авч байсан ч шийдвэрлэх мөчид ийнхүү ялагдав.

Уг нь Э.Цэндбаатар эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялсан бол удаах тойрогт Вьетнамын тамирчин Нгуен ван Дуонгийг 5:0 харьцаагаар ялсан юм.

Харин хүрэл медалийн болзол хангасан ОХУ-ын тамирчин нь улсын дөрвөн удаагийн аварга (2017, 2018, 2019, 2020), мэргэжлийн боксоор WBA Asia буюу Азийн аварга болж байжээ.

Мэргэжлийн тулаанд гурван удаа оролцохдоо бүгдэд нь цагаас нь өмнө хүнд цохилтоор ялж байсан аж.

Дагестан үндэстэн тэрбээр өдгөө 23 настай. Дасгалжуулагч нь Руслан Куштанов, “ЦСКА” багынх бөгөөд ОУХМ цолтой юм.

Олимпын аварга болох мөрөөдөлтэй тул 2016 онд кикбоксоо орхиж, боксын спортод шилжсэн гэдэг. 2017 онд анх удаа боксын УАШТ-д оролцож, шууд түрүүлж байжээ.

2019 оны ДАШТ-д шөвгийн наймд Кубын Ласаро Альварест ялагдсан. Шүтдэг тамирчин нь Филиппины боксчин Мэнни Пакья гэнэ.

Нэмж хэлэхэд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Э.Бадар-Ууган “Манай улсын тамирчин илүү байсан. Харамсалтай нь Куба Улсын шүүгч нөгөө талд ажилласанаар ялагдалд хүргэлээ” хэмээн лайв хийж байх явцдаа хэлсэн юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүрэл медалийн оосроос “атгаад” алдлаа   
Үзсэн: 2350 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй