Шууд Chart

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Залуучуудын Холбооны төлөөллийг хүлээн авч уулзав

2021-08-04 07:27:22

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 03-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойг тохиолдуулан МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од цаг гарган хүлээн авч уулзсанд УИХ-ын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлаас  цар тахлын хүнд цаг үед залуучуудыг дэмжсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Тухайлбал, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д байсан иргэдэд нэг удаа боломж олгох шийдвэр гаргасан нь олон залууст эдийн засгийн чухал дэмжлэг болсныг хэллээ.

Тэрбээр энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ой тохиож байгааг уламжлаад хийж хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав.

Монголын Залуучуудын Холбооноос цэргийн алба хаах залуучуудыг мэргэжил эзэмшүүлэх, зэрэг олгоход олон улсын цэргийн байгууллагууд хэрхэн ажилладаг талаар судалгаа хийж эхэлжээ. Түүнчлэн бусад оронд эрхээ хасуулан ял эдэлж байгаа иргэдээ хэрхэн нийгэмшүүлдэг болохыг судалж, энэ чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөснөө МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од танилцуулав.

Мөн “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээж, энэ жилийн ургац хураалтаар Булган, Сэлэнгэ, Дархан болон Төв аймагт оюутан, залуусыг ажиллуулахаар болжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Залуучуудын Холбооноос зөв санаачилга гарган идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд Улсын Их Хурлаас бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, зарим төсөл хөтөлбөрүүд дээр хоёр талаас ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар тогтлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын даргын зөвлөх Ц.Цогзолмаа болон албаны бусад хүмүүс байлцлаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Залуучуудын Холбооны төлөөллийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй