Шууд Chart

“Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар түнэ ордон”-ы археологийн судалгааны төсөл үргэлжилж байна

2021-08-05 10:09:44

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/496 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа”, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Туулын Хар түнэ ордон”-ы археологийн судалгаа төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

“Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш”

“Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш”  дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, D GPS багажийн тусламжтай нийт 6 язгууртны булш, 4 дагуул булшны дэвсгэр зураг хийх ажлыг гүйцэтгэж байна.

Хүннүгийн язгууртны 3 дугаар булшийг сонгон, малтлага судалгааг гүйцэтгэхэд уг булш нь 16 метр голчтой чулуун дараастай, төв хэсэгтээ эрт үед тоногдсон болохыг гэрчлэх 2 метр гүн тонуулчдын нүхний ул мөртэй байсан ба малтлагын явцад баруун урагш чиглэсэн 4 метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метрийн гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлээд байна. Одоогоор булшны малтлага 5.1 метрийн гүнд үргэлжилж байна.

“Туулын Хар түнэ ордон”

Хотын хэрэмний хэсэгт бүтэц, он цагийг тодорхойлох зорилгоор 2х26 метр сувгийн малтлага гүйцэтгэж, 4 метр өргөн, 70 см өндөр шавраар үелэн дагтаршуулсан шороон хэрэм, гадна талаараа 4 метр өргөн, 60 см гүн сувагтай байгааг тогтоож уг сувгийг ус нэвчихээс сэргийлэн улаан өнгийн шавраар нямбайлан доторлосон нь хэрмийн гадуур ус зайлуулах суваг зориуд хийсэн инженерийн байгууламж болохыг илтгэж байна. Хэрмийн дотор талд мал, амьтны ясны хаягдал бүхий нүх илэрсэн нь лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийх, хэрмийн он цагийг баттай тогтоох чухал хэрэглэгдэхүүн болно гэж үзэж байна. 

 Ордныг байгуулсан шороон суурь нь 34х18.5 метр хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд цайвар өнгийн шаварыг дагтаршуулан дэлдэж 2.5 метр өндөр шороон тавцан үүсгэж, шатаасан тоосгоор нямбайлан шалласан болохыг тодорхойлсон.  Малтлагын явцад ордны шалыг тоосгоор шахаж хийснээс гадна хээ чимэглэл бүхий шигтгэмэл (мозаика) шалны арга зүйгээр үйлдсэн болохыг анх удаа илрүүлсэн нь эрдэм шинжилгээний хувьд ховор тохиолдох баримт хэрэглэгдэхүүн болж байна.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийн хүрээнд уг дурсгалуудын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураглалыг хийж байна.  Бид бүхний хамтарсан энэхүү судалгаа амжилттай хэрэгжсэнээр, археологийн малтлага судалгааг цаашид тогтмол явуулж, түүхэн дурсгалт газрыг хадгалан хамгаалж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, олон нийтэд зөв зохистой сурталчлан таниулна гэдэгт итгэлтэй байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газар


“Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар түнэ ордон”-ы археологийн судалгааны төсөл үргэлжилж байна  
Үзсэн: 1377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй