Шууд Chart

Баяртай Токио, гурван жилийн дараа Парист уулзацгаая

2021-08-09 09:05:15

Товлосон хугацаанаас нэг жилээр хойшилж, сүүлдээ зохиогдох эсэх нь ч эргэлзээтэй болж ирсэн зуны XXXII олимпын наадам амжилттай явагдаж, өчигдөр хөшгөө хаалаа.  

Дэлхий нийтээрээ коронавирусний цар тахалд нэрвэгдсэн онцгой мөчид зохиогдсон гэдгээрээ энэ олимп түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь гарцаагүй. Токиогийн олимпыг зохион байгуулах нь хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлж буйн баталгаа болж, дэлхий нийтэд итгэл найдварын оч түгээнэ хэмээн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахын хэлсэн үг биеллээ олж, энэ хэдэн өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс олимпоор амьсгалж, спортын сайн сайхныг гүн гүнзгий мэдрэв.

Олимпын наадмын медалийн төлөөх өрсөлдөөн эцсийн мөч хүртэл ширүүн өрнөж, АНУ-ын баг сүүлийн өдөр гурван алт авснаар багаараа тэргүүн байрт бичигдэв. Харин зохион байгуулагч Япон Улс 27 алт, нийт 58 медальтайгаар гуравт жагсаж, түүхэн дэх хамгийн амжилттай олимпоо үдлээ. Наран орны баг тамирчид 1964 онд нутагтаа болсон олимпоос 16 алт, 29 медаль хүртсэн нь өмнөх дээд амжилт байв.

Бермуд, Филиппин, Катар улс олимпын анхны аваргуудаа өлгийдөн авсан бол Фуркина Фасо, Сан Марино, Туркменистан Улс түүхэндээ анх удаа олимпоос медаль хүртэв. Нийт 93 улс медаль хүртэж, 113 улс медалийн гадна үлдэв. Манай улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр 71-д бичигдлээ. Олимпын наадмын үед дэлхийн дээд амжилт 24 удаа эвдэгджээ.

Ийнхүү хүнд хэцүү бартаа, саадыг даван туулсан Токиогийн олимп хөшгөө хаалаа. Гурван жилийн дараа Францын нийслэл Парис хотноо XXXIII олимпын наадам нээлтээ хийнэ. Маргаашнаас эхлээд олимпын цаг тоолол “Парис-2024” олимп эхлэх цагийг заан урагшлах болно.

Гурван жилийн дараа Парист уулзацгаая!

Нийтэлсэн: У.Баярсайхан

Баяртай Токио, гурван жилийн дараа Парист уулзацгаая  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй