Шууд Chart

Лионель Месси Барселонагаас явж буйгаа зарлалаа

2021-08-09 10:44:05

Лионель Месси Барселонагаас явж буйгаа өчигдөр зарлаж, нүдэндээ нулмистай хэвлэлийн бага хурал хийв. Учир нь тэрбээр Францын ПСЖ клубтай нэгдэж байгаа аж. Мөн энэ сарын 11-нд ПСЖ клуб Эйфелийн цамхгийг ашиглан Мессигийн танилцуулгыг хийх гэнэ.

Хэвлэлийн бага хурал дээр Лионель Месси “Сүүлийн хэдэн өдөр би юу гэж хэлэхээ маш их бодлоо. Үнэн гэвэл юу ч бодож чадсангүй. Энэ олон жилийн дараа ийм зүйл болж байгаа нь үнэхээр хэцүү байна. Би энд бүхий л амьдралаа өнгөрүүлсэн. Үүнд бэлэн биш байна. Өнгөрсөн жил утгагүй зүйл ярих итгэлтэй байсан ч энэ жил тийм биш байна. Энэ жил би, манай гэр бүл энд үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Үүнийг л бид хүссэн. Бид Барселонаг гэрээ хийнэ гэж бодож байсан. Энэ хотод амьдарч, хөлбөмбөг тоглох гайхалтай байлаа. Гэхдээ өнөөдөр би энэ бүхэндээ баяртай гэж хэлэх хэрэгтэй болж байна. Энд 13 настайгаасаа хойш байлаа. 21 жилийн дараа би эхнэр, гурван хүүхдийнхээ хамтаар энэ хотоос явж байна.

Хэдэн жилийн дараа бид эргэж ирнэ. Учир нь энэ хот бидний гэр. Миний талд байсан хүн бүртээ, багийнхаа андуудад, хуучин нөхөддөө баярлалаа гэж хэлмээр байна.

Барселона клубыг би маш их хүндэлдэг. Энд олон гайхалтай зүйлсийг үзэж тууллаа. Мөн таагүй зүйлс тохиосон ч үүний ачаар л би өсөн дэвжиж, өнөөдрийн өөрийгөө бүтээсэн. Энэ өмсгөлийг өмссөн эхний өдрөөсөө эцсийн өдөр хүртэл би бүхнээ зориулсан. Үнэн гэвэл би явж байна.

Өөр нөхцөл байдалд явсан ч болоосой. Би хэзээ ч ингэж багаа орхино гэж төсөөлж байсангүй. Баяртай гэж хэлэх шаардлага гарахгүй гэж бодож байлаа. Энэ багийн өмсгөлтэй зодог тайлж, үзэгчдийн алга ташилтаар талбайг орхино гэж төсөөлж байсан. Сүүлийн улирал үзэгчгүй тоглож, тэдний уухайг сонсохгүй байх хэцүү байсан. Одоо дахиад л фэнүүдээ харахгүй явах болчлоо. Хэрэв болдогсон бол бүх фэнүүдтэйгээ хамт байх юмсан. Би эргэн ирж, энэ багийн нэг хэсэг болон дахин дэлхийн шилдэг болоход нь тусална гэж найдаж байна.

Өнгөрсөн улирал цар тахлаас болж үзэгчдийнхээ өмнө тоглож чадсангүй. Тэдний баяр хөөрийг сонсохгүй байх, хажууд нь байхгүй байх, миний нэрийг дуудахыг сонсохгүй байх хэцүү байлаа. Би уг нь талбай дүүрэн үзэгчидтэй, тэдэнтэйгээ зохих ёсоор салах ёс гүйцэтгэнэ гэж төсөөлж байсан. Гэхдээ ийм байдалтай салах ёс гүйцэтгэх боллоо. Та бүгдийн надад зориулсан хайранд талархаж байна. Энэ багт би олон жилийн турш сайн, муу мөчүүдийг өнгөрүүллээ. Гэхдээ хүмүүсийнх нь хайр үргэлж хэвээрээ байсан юм шүү.

Барселонатай шинэ гэрээ байгуулах бүх нөхцөл бүрдчихсэн байсан. Гэвч эцсийн мөчид Ла лигийн дүрмээс болоод боломжгүй боллоо. Ийм л зүйл болсон. Миний талаар олон яриа гарсан байна лээ. Гэхдээ би энэ үлдэхийн төлөө чадах бүхнээ хийсэн. Өнгөрсөн жил би үлдэхийг хүсээгүй. Гэхдээ энэ жил үнэхээр хүссэн. Энэ жил үлдэхийг хүссэн ч чадсангүй. Би цалингийнхаа 50 хувийг хасахыг хүссэн. Гэвч Барселонагаас илүү хасаач гэж юу ч асуугаагүй. Намайг цалингийнхаа 30 хувийг л хасахыг хүссэн гэх шуум гарсан байна лээ. Энэ бол худлаа. Барселона надаас юу ч асуугаагүй, гуйгаагүй.

Мессиг Барселонаг орхиж буйтай холбогдуулан түүнд хүндэтгэл үзүүлэх тухай олон яриа гарсан. Тухайлбал, Барселона клуб Мессигийн 10 дугаарыг мөнхлөх, тоглолт бүрийнхээ 10 дахь минутанд алга ташиж, түүнд хүндэтгэл үзүүлэх гэх мэт. Месси энэ клубын тоо томшгүй олон рекордыг шинэчлэн тогтоож, хүртэж болох бүхий л цом, шагналуудыг түүсэн. Барселона-Месси гэх хоршоо үг энд хүрээд эцэс болж байна” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Лионель Месси Барселонагаас явж буйгаа зарлалаа   
Үзсэн: 2341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй