Шууд Chart

1931 оны энэ өдөр Монголд хөлбөмбөгийн түүх эхэлсэн

2021-08-09 16:55:18

1931 оны энэ өдөр Монголд хөлбөмбөгийн түүх эхэлсэн хэмээн үздэг. Монголд аж үйлдвэрийн комбинат байгуулахаар ирсэн Зөвлөлтийн мэргэжилтнүүд 1920-иод оны сүүлч, 1930-аад оны эхээр чөлөөт цагаараа Туул голын ойролцоох газар хөлбөмбөг тоглодог байлаа. Харин монголчуудын анх хөлбөмбөг тоглосон өдрийг 1931 оны наймдугаар сарын 9-ний ням гариг хэмээн тооцдог. Энэ өдөр “Биеийн тамирыг сайжруулах стадион” нэртэй цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр Биеийн тамирыг сайжруулах үлгэр жишээ бүлгэмийн хоёр баг Зөвлөлтийн эмч нар зааснаар үзүүлэх тоглолт хийсэн бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин, спортын түүхч Р.Зоригийн “Монгол ардын спорт” номд “Хаалганы шон босгосон нүд алдам цэлгэр талбайд 22 хүн бөмбөг өшиглөж тоглохыг үзэх нь монголчуудад тун сонин байсан нь лавтай” хэмээн бичсэн нь бий.

Биеийн тамирыг сайжруулах зөвлөл (Одоогийн Биеийн тамир, спортын улсын хороо)-өөс энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хот даяар баяр ёслолын байдалтай зохион байгуулсныг архивын баримтуудаас харж болно. Цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ажиллагааны өмнөх өдрүүдэд сонин хэвлэл, радио, хэвлэмэл заруудаар хотын хөдөлмөрчид, залуучууд, сурагчдыг хүрэлцэн ирэхийг уриалж байлаа. Тухайн үед гудамжинд хэвлэгдсэн нэгэн зарлалыг сийрүүлбэл “Наймдугаар сарын 9-ний 14 цагт Биеийн тамирыг сайжруулах стадионд ихээхэн тоглоом болно. Энгийн дуртай ардууд дугуйгаар уралдаж, хөлбөмбөг, гар бөмбөг тоглож, гимнастик хийж, буугаар буудах болно” хэмээн бичсэн байна. Биеийн тамирыг сайжруулах стадионы нээлтийн үйл ажиллагаанаас хойш хотын сургууль, цэргийн анги, үйлдвэр зэрэг хүн олноор цугларсан газруудад хөлбөмбөг тоглох болсон байна.

Манай улсын биеийн тамир, спортын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн энэхүү Биеийн тамирыг сайжруулах стадион удалгүй “Хөдөлмөр” нийгэмлэгийн цэнгэлдэх хүрээлэн болсон ч Туул голын ойролцоо байснаасаа болоод “Голын цэнгэлдэх” нэрээрээ олонд танигдсан. Хожим 1958 онд ашиглалтад орсон Төв цэнгэлдэх хүрээлэнгээс ялгахын тулд “Бага цэнгэлдэх хүрээлэн” ч гэж нэрлэдэг байв.

Өдгөө МҮОХ-ны барилга сүндэрлэн байгаа газрын түүх сонирхолтой. Энд нэгэн зууны өмнө Богд хааны ногоон хайс буюу Сэрүүлгийн ордон хэмээх нэртэй ногоон хайс модноос өөр юу ч байсангүй. Богд хаан бараа бологчдоо дагуулан ордноосоо гарч, жууз тэргээр зугаалахдаа ногоон хайст очдог байсан нь түүхийн эх сурвалжид үлдсэн байдаг.

Монголд хөлбөмбөгийн спорт 1931 онд үүссэн хэмээн үздэгийг батлах баримт цөөнгүй. Жишээлбэл, 1971 онд Монголд хөлбөмбөгийн спортын үүсч, хөгжсөний 40 жилийн ойд зориулсан тэмцээнд Л.Сандагдорж дасгалжуулагчтай “Алдар” нийгэмлэгийн баг түрүүлж байв.

МХБХ-ноос Монголын хөлбөмбөгийн энэ мэт сонирхолтой олон түүхийг багтаасан “Монголын хөлбөмбөгийн түүх” номын эхний дэвтрийг 2019 онд 60 жилийн ойн босгон дээрээ олны хүртээл болгосон билээ. Энэхүү номын хоёр дахь дэвтрийг зохиох ажил үргэлжилж байна.

Жич: Архивын ерөнхий газарт хадгалагдаж буй энэхүү зураг тус үйл явдалтай хамааралгүй байж болно

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

1931 оны энэ өдөр Монголд хөлбөмбөгийн түүх эхэлсэн  
Үзсэн: 1970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-07 17:35
Маш гоё

Бидэнтэй нэгдээрэй