Шууд Chart

Их аварга гэж арай өөр хүн байдаг ...

2021-09-28 09:37:44

“World Plus” дижитал сэтгүүлийн платформыг үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалын нэгээхэн бодит түүхийн тухай дурсамж болгон бичжээ. Үүнийг уншигч танаа хүргье.  

Сүмо бөхийн түүхэн бүх цагийн үеийн хамгийн шилдэг бөх Мөнхбатын Даваажаргал буюу Хакүхо дүү зодог тайлж буй тухай хэвлэлүүд бичээд эхэлжээ. Тиймээ, үнэхээр гайхалтай бөх. Энэ талаар бөх судлаачид нь мэддэг, чаддагууд нь бичих биз. Сайхан аварга аавын үргэлжлэл, гайхамшигтай аварга.

Инээд алдаад л, зөөлөн зөөлөн алхаад л, гоё сайхан зүйлийг ярихаараа гэгэлзээд нүд нь сэргээд яг л хүүхэд шиг хирнээ дотроо маш их бодож тунгааж төвлөрдөг, хүссэндээ хүрэх гэж зорьж тэмүүлдэг зогсолтгүй эрч хүчний туйл юм даа. Хакүхо дүүгээс илүү бяртай тэнхээтэй, мэхтэй шидтэй бөхчүүд байдаг байж мэднэ. Харин их аварга гэдэг энэ үг зөвхөн бяр тэнхээ, мэхний тухай, ялж ялагдахын тухай ойлголт биш аж. Харин ур ухаан, сэтгэлийн хувьд бусдаас өөр жинхэнэ “Их аварга” байдаг юм байна даа гэж хажуугаас нь хэд хэдэн тохиолдолд харж билээ.

2019 оны хавар Токиод ажлаар очоод уулзалт амжуулаад явж байтал “Ах гэрээсээ хол яваа юм чинь манайханд хэд хоноод яв. Сайхан шөлтэй хоол энэ тэрийг санаж байгаа биз дээ. Дэвжээн дээр ирж шөл уугаарай” гэх мессэж өглөө аваад үдийн хоолны цагаар очлоо. Бөхчүүдтэй нь хоол идэнгээ Японоор ойлгох биш биеийн хэлэмжээр нь юу ярьж буйг нь таасан шигээ сууж байлаа. Цаана нь нэг залуу бөх шуудангаар ирсэн захианууд ялгаж суух. Бүгдийг нь нээгээд л уншихыг нь уншаад, цаашаа түгээхийг нь түгээж сууснаа нэгэн захиаг энэ буруу иржээ буцаагаад шууданд хийчих гэж буй болтой.

Гэтэл Хакүхо асууж байна. Хаанаас ирсэн захиа байна вэ?

Залуу бөх: Эмнэлгээс нэг төлбөрийн тооцоо иржээ. Нэр ус байхгүй байна. Манайхнаас энэ эмнэлэгт эмчлүүлсэн хүн байхгүй ээ гэв.

Хакүхо: Эмнэлэг рүү нь залга даа. Монгол хүн байх вий дээ.

Өөр нэгэн туслах бололтой залуу эмнэлэг рүү нь залгаад ... Аваргаа нэг Монгол хүн эмчлүүлээд гарсан гэнэ. Тэр хүний төлбөр байна гэлээ. Ямархуу төлбөр байна гэсэн чинь миний мэддэг хэл буюу доллароор 18.000 долларыг иенээр хэлж байна. Хакүхо төлбөртэй цаасыг авч 1-2 секунд гартаа барьж сууснаа энэ төлбөрийг миний өмнөөс төлчихөөрэй гээд хоолоо үргэлжлүүлэн идлээ.

Зүгээр л Монгол хүн л бол хэн байх нь хамаагүй би туслах ёстой, дэмжих ёстой гэсэн зарчимтай том сэтгэлтэй, том зүрхтэй жинхэнэ ИХ аварга дүүд энэ хорвоогийн дулаан сайхан бүхнийг ерөөе. Яг л чиний инээмсэглэл шиг, сэтгэл шиг чинь зам мөр, хийх бүхэн нь гэгээн байг ээ.

Түүний бусдад тусалсан түүхийг мэдэх хүмүүсийг цуглуулбал дуусахгүй урт сайхан түүх бичигдэх бизээ. Хэн нэгний аз жаргалын төлөө түүнийг баярлуулахын төлөө юм хийж сурсан хүн өөрөө инээмсэглэж амьдрах нь баталгаатай гэж би боддог.

Тэрбээр "Би азтай хүн, гэхдээ аз гэдэг хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг" гэж хэлэх дуртай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их аварга гэж арай өөр хүн байдаг ...  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй