Шууд Chart

ХЗБХ: Байнгын хорооны тогтоолууд баталлаа

2021-09-28 15:38:08

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2021.09.28) хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан 11 гишүүний ирцтэйгээр 10 цаг 20 минутад эхэлж, “Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Улсын Их Хурал 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.11-т “Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн Байнгын хороо баталж, УИХ-ын цахим хуудаст байршуулна” гэж заасан. Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо 2021 оны 6 дугаар тогтоолоороо “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус мөн тооны гишүүнийг Улсын Их Хурлаас нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулахаар заасан.

Энэ дагуу Байнгын хороо 2021 оны 5 дугаар тогтоолоороо сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материалыг 3 дугаар сарын 10-ны өдрөөс 21 хоногийн хугацаанд хүлээн авсан. Энэ хугацаанд нийт 59 хүсэлт, холбогдох материал ирүүлсэн бөгөөд 1 оролцогч нэрээ татсан болохыг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дуулгав. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь хуульд заасны дагуу 11 гишүүнтэй байх бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан, бүрэлдэхүүнд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, МӨХ-ны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нар ажиллахаар холбогдох тогтоолыг баталсан. Харин Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлттэй холбоотойгоор дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүний үйл ажиллагааг түр зогсоогоод байсан юм.

Үндсэн хуулийн цэц 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаа хуралдуулж, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай” дунд суудлын хуралдаанаас 2021 онд гаргасан 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон гэдгийг С.Бямбацогт дарга танилцууллаа. Дээрх хугацаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн талаар тэрбээр дэлгэрэнгүй танилцуулсан. Иймд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “Б.Саруул Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга” гэснийг “А.Бямбажаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх” гэж, “А.Бямбажаргал Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга” гэснийг “О.Мөнхсайхан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын профессор, доктор” гэж тус тус өөрчлөхөөр төслийг боловсруусан байна.

Төслийн талаарх Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр “Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив.

Дараа нь “Монгол УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Төслийн талаар Байнгын хорооны дарга танилцууллаа. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар батална” гэж, 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хороо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн батлуулахаар цагалварын төсөлд тусгасан болохыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн хэрэгжилтийн талаар хөндөж, зарим мэдээлэл солилцов. Хууль зүйн байнгын хорооноос Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан ажиллахаар төлөвлөөд байгаа талаар С.Бямбацогт дарга танилцуулсан юм. “Монгол УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж дээрх тогтоолыг батлав.


ХЗБХ: Байнгын хорооны тогтоолууд баталлаа  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй