Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуулийн төслүүд өргөн барилаа

2021-10-06 16:59:11

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр /2021.10.06/ Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протоколд оруулсан (кигалийн) нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хууль, Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протоколд оруулсан (кигалийн) нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн Конвенци 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж, 1989 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Тус конвенци, түүний нэмэлт Протоколуудад 1990 онд Лондонгийн, 1991 онд Найробигийн, 1992 онд Копенгагены, 1993 онд Бангконгийн, 1995 онд Венийн, 1997 онд Монреалийн, 1998 онд Австралийн, 1999 онд Бээжингийн, 2016 онд Кигалийн гэх нийт есөн нэмэлт, өөрчлөлт орсон байна. Монгол Улс нь 1996 онд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд нэгдэн орох тухай хуулийг батлан гаргасан. Үүнээс хойш түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч, улмаар Монреалийн Протоколд оруулсан 1999 оны Бээжингийн нэмэлт өөрчлөлтөд манай улс 2007 онд нэгдсэн.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 16 эрх зүйн баримт бичигт туссан 30 гаруй зүйл, заалтын дагуу Озоны үе давхаргыг хамгаалах тухай Монреалийн Протоколыг хэрэгжүүлэхтэй  холбогдсон харилцааг зохицуулж байна. Хуулийн төсөл нь 1 зүйлтэй байх бөгөөд тус зүйлд “Озоны үе давхаргыг хамгаалах тухай” Венийн конвенцийн “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай” Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ.

Түүнчлэн хуулийн төсөлтэй хамт Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг холбогдох 6 хуулийн төслийг боловсруулсан байна.Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийг баталснаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй байна.

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсы аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статустай хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг 1997 онд тус тус соёрхон баталжээ.  

Цөмийн зэвсгийг хориглох гэрээний үндсэн зорилго нь улс орнуудыг цөмийн зэвсгээ хураахад нөлөөлөх, цөмийн зэвсгийг үр дүнтэй, баталгаатай, эргэж буцалтгүйгээр, цаг хугацаа зааж устгахад дөхөм үзүүлэх, цаашид дэлхийн хэмжээнд цөмийн зэвсгийг устгахад хувь нэмрээ оруулах, цөмийн зэвсгийг ашиглахгүй, эзэмшихгүй байх хэм хэмжээг тогтооход оршино. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ нь оршил 24, тогтоох 20 зүйлээс бүрдсэн байна. Манай улс гэрээг соёрхон баталснаараа цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр баримталж ирсэн байр сууриа бататгах, энэ чиглэлийн яриа хэлэлцээ, хурал, арга хэмжээнд идэвхтэй оролцоход ач холбогдолтой.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуулийн төслүүд өргөн барилаа  
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй