Шууд Chart

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2021-10-15 17:29:28

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.10.15) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 51.4 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны долдугаар сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан нар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авчээ.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн боловч уг саналтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 81.8 хувь нь дэмжсэн гэв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг мөн бэлтгэсэн болохыг санал, дүгнэлтэд Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулсан.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Т.Аубакир, С.Ганбаатар нар асуулт асууж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үг хэлж, төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Ингээд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.


Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй