Шууд Chart

Завур Угуев: Парисын олимпод 57 кг-даа дахин зодогломоор байна

2021-10-25 13:23:00

Токиогийн олимпын аварга Завур Угуев Дагестаны бөхийн холбооны wrestdag.ru сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр Токиод хэрхэн ялалт байгуулсан тухайгаа, Ослогийн ДАШТ-д яагаад татгалзсанаа тайлбарлаж, ойрын төлөвлөгөөгөө хуваалцав.

-Та бэлтгэлдээ буцаж ирээгүй байна уу?

-Тийм, хараахан бэлтгэлдээ орж амжаагүй л явна. Даваа гарагаас фитнесст явж эхэлнэ. Бэлтгэлээ эрт эхлүүлэхийг хүссэн ч санаснаар болсонгүй. Дагестанд олимпын аваргаа хэрхэн хүндэтгэдгийг та мэднэ. Намайг урьсан олон ч арга хэмжээнд оролцлоо. Баяр хүргэж, бэлэг өгсөн, надад анхаарал хандуулсан хүн бүхэнд талархаж байна. Үнэнийг хэлэхэд сайхан байсан. Токиогийн олимпын дараах амралтаа удахгүй нөхнө гэж бодож байна.

-Ослогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос татгалзсандаа харамсаж байна уу?

- Харамсаагүй ээ. Олимп надад бүр хэцүү байсан болохоор би амрахыг хүссэн. Хэрэв Ослод барилдахаар шийдлээ гэж бодоход энэ бүх баяр ёслолоос татгалзах боломжгүй. Эс тэгвээс би хүмүүсийг гомдоох байсан. Тэгээд ч бэлтгэл хийх цаг гараагүй.

-Таныг олимпын өмнө өвдсөн, жингээ хасах гэж нэлээд зүйл болсон гэж дуулсан ...

-Владивостокт болсон сүүлийн бэлтгэлийн цугларалтад очиход миний бие эвгүйрхсэн. Багийн эмч нар ямар ч ноцтой зүйл байхгүй гэж хэлсэн. Энэ нь дасан зохицох үед тохиолддог. Гэхдээ ханиад томуу туссан юм шиг санагдсан. Би бэлтгэлээс чөлөөлөгдөөгүй бөгөөд бэлтгэлийн барилдаан хүртэл тэд намайг өвчтэй гэдгийг мэдээгүй. Тэр үед л тэд намайг эдгээхийн тулд амралт өгсөн. Бэлтгэл сургуулилтаа орхигдуулсан нь олимпод барилдах миний бэлэн байдалд нөлөөлж чадаагүй. Токиод жиндээ орох гэж маш их жин хасч нэлээд юм болсон доо. Томас Гилмантай хийсэн эхний барилдаанд гар, хөл маань ихээр сульдаж түүнийг хэрхэн ялснаа сайн мэдээгүй. Дасгалжуулагч Махач Муртазалиев хоёр дахь барилдааны өмнө надад шоколадтай цай өгсөн ч өөрийгөө сэргээж амжаагүй байтал дэвжээнд гарах болсон. Узбекистаны Гуламжон Абдуллаев намайг гайхшруулсан. Миний хувьд бүх зүйл манан дунд болж байгаа мэт санагдсан бөгөөд сүүлчийн секундэд ялалтын оноогоо авсан. Үдээс хойш сэргэх хангалттай хугацаа байсан болохоор хагас шигшээд Ираны Реза Атритай, маргааш нь финалд Энэтхэгийн Рави Кумартай барилдахад ямар ч асуудал байгаагүй.

-АНУ-ын Томас Гилман дэлхийн аварга болсонд гайхсан уу?

-57 кг-ын жинд зарим хүчтэй өрсөлдөгчид Ослод ирээгүй. Тэднийг эзгүйд нь Америк бөхөөс гадна Туркийн Сулейман Атлиг гол фаворит гэж бодож байлаа. Мэдээж нутгийн бөх Абубакар Муталиевийг дэмжиж байсан. Эхний барилдаанд тэрбээр Аланигийн тэмцээнд ялж байсан Гилманд ялагдсан. Абубакар шилдгүүдээс дутаагүй, сэтгэл зүйгээс гадна туршлагагүйгээс болж медальгүй хоцорсон. Залуу тамирчидад том тэмцээнд ороход ийм зүйл тохиолддог. Надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байлаа. 2017 онд Парист болсон анхны дэлхийн аваргадаа эхний тойрогтоо ялагдсан.

-Та цаашид 57 кг-ын жиндээ үлдэх үү?

-Энэ жиндээ барилдах нь надад улам хэцүү болж байгаа ч Парисын олимпод 57 кг-даа оролцох хүсэлтэй байна. Өөр сонголт надад байхгүй. Олимпын 65 кг-ын жинд барилдана гэхэд төсөөлөгдөхгүй байна. Тэгээд ч хамгийн сайн найз Гажимурад Рашидовтой өрсөлдөхийг хүсэхгүй байна. Тэр надтай надгүй олон хүчтэй өрсөлдөгчидтэй болсон. Загир Шахиев, Абасгажи Магомедов гэсэн дэлхийн хоёр шинэ аварга өрсөлдөөнд нэмэгдлээ. Би жингээ ихээр хасч биеэ дахин зовоохгүйн тулд зарим тэмцээнд 61 кг-ын жинд барилдана. Магадгүй дараагийн Иван Ярыгиний тэмцээн миний хувьд шинэ жинд өөрийгөө сорих анхны эхлэл байх болов уу.

-Ярилцсанд баярлалаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Завур Угуев: Парисын олимпод 57 кг-даа дахин зодогломоор байна  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй