Шууд Chart

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

2021-10-27 17:51:34

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.27) хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Арванзургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.“, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “… шударга шүүхээр шүүлгэх, … эрхтэй. …“, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.“ гэж тус тус заасныг зөрчсөн байна гэсэн ДҮГНЭЛТ гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй