Шууд Chart

ХЗБХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2021-10-28 19:17:09

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн (2021.10.28) хуралдаан 11 гишүүний ирцтэйгээр эхэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга танилцуулсан юм.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир үг хэлэв. Тэрбээр Багануур, Багахангай, Налайх дүүрэг дэх албан хаагчид нийслэлээс алслагдмал газарт ажиллаж байгаа хэдий ч дүүрэг гэдэг статусаас шалтгаалан нийгмийн баталгаа нь орхигддог асуудлыг цаашид анхаарах шаардлагатай гэдэг саналыг хэлэв. Аймгаас 50-60 км алслагдсан сумын албан хаагчид хамрагдаж байхад нийслэлээс 100 гаруй км алслагдсан дүүргийн албан хаагчид хамрагдахгүй нөхцөл үүсч байгааг санууллаа. Дараа дараагийн хууль, тогтоолын төсөл дээрээ дээрх онцлогийг харгалзан алслагдсан дүүрэг дэх албан хаагчдыг хамруулдаг байх дээр анхаарал хандуулахыг хүссэн.

Д.Ганбат гишүүн тус урамшуулалд багтах албан хаагчдын тоон мэдээллийг лавлахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав хариулт өглөө. Төсөлд тусгаснаар 2023 оноос хуулийн үйлчлэл эхлэх ба эхний ээлжинд 281 алба хаагчид 6.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгох тооцоо байгаа гэлээ. Цаашид жил тутам 60-80 албан хаагчид 2 тэрбум орчим төгрөг зарцуулах юм байна. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн төрийн тусгай албан хаагчдын ажлын онцлогийг дурдаад, хуулийн төслийг дэмжиж байгаа талаар саналаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “аймгийн төвөөс бусад суманд” гэснийг хэрхэн ойлгож байгаа талаар асуулт асууж, хариулт авсан. Аймаг, нийслэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх 21 газар байгаа, хорих анги байгууллагуудын зарим нь сумын төвөөс зайтай байрлах нь бий гэлээ. Дээрх томьёоллоор сум болон сумын нутаг дэвсгэр дээрх гэж ойлгох бөгөөд тодорхой хэлвэл 12 байгууллагын албан хаагчид хамрагдах болно гэдгийг Байнгын хорооны дарга тайлбарласан. Үүгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


ХЗБХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй