Шууд Chart

''Тайшир-Алтай" ус цэвэршүүлэх станц үйл ажиллагаагаа эхлүүллээ

2021-10-30 16:13:09

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 2019 онд эхлүүлсэн.
 
Өнөөдөр буюу хоёр жилийн дараа бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, манай улсад анх удаа гадаргын усыг унд, ахуйд цэвэршүүлэн хангах зориулалттай, орчин үеийн шийдэл, технологи бүхий ус цэвэршүүлэх станц үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн боллоо.
 
 
Завхан голоос Говь-Алтай аймгийн төв хүртэл нийт 54 км урт бүхий ус дамжуулах шугам хоолойг дагалдах тоног төхөөрөмжийг суурилуулснаар, Алтай хотын 19.000 гаруй иргэдийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах юм.
 
"Тайшир-Алтай" ус цэвэршүүлэх станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулан хүн ам, аж үйлдвэр, фермерийн усан хангамжийг шийдвэрлэхээс гадна Алтай хотын усны хэрэгцээг хангах, усны нөөцийн баталгаат эх үүсвэртэй болох, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах зэрэг онцгой ач холбогдолтой юм.
 
 
Цэвэр цэнгэг гадаргын ус хэрэглэснээр хүн амын дунд халдварт өвчний тархалт болон усны чанараас үүдэлтэй өвчлөл эрс буурч, байнгын, жигд усан хангамжтай болсноор дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудлууд ч шийдэгдэх боломж бүрдэнэ.
 
 
УИХ-ын дарга Г.Занданшатар албаны хүмүүсийн хамтаар орон нутагт ажиллаж, бүс нутгийн зарим бүтээн байгуулалтын явцтай танилцаж байна.

''Тайшир-Алтай" ус цэвэршүүлэх станц үйл ажиллагаагаа эхлүүллээ  
Үзсэн: 1648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй