Шууд Chart

Монголын баг гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

2021-11-08 11:04:14

Бакугийн Их дуулга гурван өдрийн турш амжилттай болж, өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд таван тивийн 29 орны 195 жүдоч өрсөлдсөн бөгөөд манай улсаас 22 тамирчин оролцсон юм.

Медаль хүртсэн тамирчдыг тодруулбал Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Оросын тамирчин Анастасия Поликарповад ялагдсан ч дагах барилдаандаа Оросын бөх Лилья Нугаеваг ялав. Харин хүрэл медалийн төлөө Германы тамирчин Анника Вурфелтэй барилдаж, ялсан.

Ц.Цогтбаатар жингийнхээ чансааг тэргүүлсэн учир эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Японы бөх Рёо Цүкамотог, хэсгийн аваргын төлөө Киргизстаны тамирчин Ертур Турдубаев нарыг тус тус ялсан. Харин хагас шигшээд Оросын бөх Махмадбек Махмадбековд ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Оросын тамирчин Аюуб Хажалиевыг яллаа.

Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Чехийн тамирчин Рената Зачоваг ялсан. Ийнхүү хагас шигшээд Японы бөх Мэгүми Хорикаваг ялж, алтан медалийн төлөө Их Британийн тамирчин Люси Реншалд ялагдан мөнгөн медалийн эзэн болов.

А.Адъяасүрэн эхний барилдаандаа Унгарын бөх Мерседез Сзигетвариг, хоёр дахь барилдаандаа Бразилын тамирчин Сибиллиа Факколиг ялж, алтан медалийн төлөө Германы бөхтэй барилдахаар болсон. Гэвч алтан медалийн төлөөх барилдаанд Германы тамирчин Рини Лухтэд ялагдаж, мөнгөн медалийн эзэн болов.

О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Туркийн тамирчин Семал Эрдоганыг ялсан. Ийнхүү тэрбээр хагас шигшээд Японы бөх Тацүрү Саитотой мөнгөн медалийн төлөө барилдсан ч ялагдал хүлээн улмаар хүрэл медалийн төлөө Бразилын тамирчин Тиаго Палминиг ялав.

Ийнхүү Монголын баг гурван мөнгө, гурван хүрэл медаль, хоёр шагналт тавдугаар байр, хоёр шагналт долдугаар байр гэсэн амжилттай багийн дүнгээр есдүгээр байр эзэллээ.

Багийн дүнгээр Япон тэргүүлсэн бол Орос, Герман, Азербайжан зэрэг орнууд удаалжээ. Абу Дабигийн Гранд Слам энэ сарын 26-28-ны хооронд болно.

  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй