
Японд төрж, өссөн Монгол охид болох Б.Хулан, Б.Халиун нар аав Д.Бямбасүрэнгийн хамт арлын орноос энэ жилийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д ирж оролцсон байна. Эгч Хулан нь 2018, 2019 онд Бүх Японы өсвөр үеийн улсын аваргад дараалан түрүүлж байсан бөгөөд гурван хоногийн өмнө болсон өсвөрт алт, маргааш нь залуучуудад хүрэл, дүү Халиун нь өсвөрт мөнгөн медаль хүртсэн байна.
Эгч нь 2019 онд Хэнтий аймагт болсон өсвөр үеийн УАШТ-д анх удаа барилдаж алтан медальтай буцаж байсан бол хоёр жилийн дараа хоёр дахь түрүүгээ хүртсэн юм.
Японы домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубээс чөлөөт бөхийн сууриа тавьсан эгч дүүс өдгөө Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн тэн хагасыг бүрдүүлдэг, олимп, дэлхийн олон аваргуудыг төрүүлсэн алдарт “Шигакүкан” ахлах сургуульд сурч байна.
Тэднийг С.Ёшида, К.Ичо, Х.Обара, Э.Тосака, Ч.Ичо гээд нэр цуутай алдарт бөхчүүдийг "Хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд" хүргэсэн, домогт дасгалжуулагч Казүхито Сакай удирдан бэлтгэл сургуулилтыг нь хийлгэдэг.
Аав нь хэлэхдээ том охин Б.Хулангаа ирэх жилийн Монгол Улсын насанд хүрэгчдийн УАШТ-д авч ирж оролцуулна гэсэн. Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд ноёрхож буй Япон школоор бэлтгэгдэж, хүмүүжиж буй Монгол охид дэлхийд танигдах өдөр удахгүй ирэх биз ээ.
Наран улсад бэлтгэгдэж буй Монгол охид | ||
Үзсэн: 827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.