Шууд Chart

Сэтгэлийн нүд

2021-12-02 13:39:43

\Н.Баасанжавын “Бөлөг цагаан дэрсний бадаг цагаан гэгээ” номын шүүмж\

                                                  -1-

Зохиолч Ням-Очирын Баасанжав алс баруун хязгаарын хөдөөгөөс төрсөн хөдөөгийн зохиолч юм. Тэрбээр үгүүллэгийн шинэ номоо гаргажээ. Номын эхний хуудсыг сөхөхөд уг номыг ивээн тэтгэсэн хүний сэтгэлийн өргөл сэрэхүй мялаав. Тийм үгийг бичдэг, хэлдэг, ойлгодог хүн цөөн атал тэрбээр “Хутагт билгийн чинад хязгаараа хүрсэн очироор огтлогч” хэмээх их хөлгөн сударын увдис шидийг хураангуйлсан

...Од эрхис бүрэлзэхүй, зул хийгээд

Хоосон илбэ, шүүдэр, усны цөврүү ба

Оргүй зүүд, гилбэлгээн хийгээд үүлэн мэт

Хамаг хуран үүдэгсдийг тэр мэт үзэгтүн!

хэмээх утга гүн цаглашгүй эрдэмт шадаар зохиолчийн билиг оюун, онгод хийморийг түрджээ. Номыг уншихад Алтайн хөх салхи, нуурын шагшуурга, шувуудын ганганаан, агь ганга, нүүдэл хөсөглөх үүрийн өмнөх аав ээжийн дүнгэр дүнгэр яриа, цайны уур, ухэр тугалын мөөрөлдөөн, малын чийр, тийм гэхийн аргагүй нэг их баяр хөөрт умбав. Урьд нь Баасанжавын шүлэг зохиолыг харж байсан, мэднэ. Гэтэл энэ үгүүллэгийн ном “нийтийн хуаран дахь утга зохиолын салбарын цонхыг алгуурхан нээн, ганган шаавай, усан тэлмэн жороогийн явдалд хазгай суун, намбалзжээ. Яаж ингэж өөрчлөгдөж чадав аа. Бусдын л адил мөрөн дээрээ буусан тоосондоо дарагдсан явган зохиолч явсан биш үү. Гэтэл утга зохиолын ийм армаг хүлэг дөрөөлчихсөн, бие сэтгэлээсээ гэрэл гэгээ цацруулан инээмсэглэн зогсох. Мэдээж их эрэл, их шаналан, их хөдөлмөр, их цаг хугацаа үүний ард байгаа. Ёстой гайхалтай. Ийм боломж зохиолч бүрд байж болох ч дадаж дассан сэтгэлгээнийхээ үүд хаалгыг тойголсоор насыг барах нь олон. Н.Баасанжав их урь зөөлөн, яв цав, дотоод сэтгэлийн бясалгалтай, маш их хайраар бичих юм. “Хайр, хайр, хайр л орчлонг аварна” гэх энэ үг түүний мөн чанар бололтой. Хайрын мөрөн үерлэх түүний үгүүллэгүүд та бидний ч сэтгэлийн мөрөнг түрнэ. “Цэнхэр гараг” гэдэг үгүүллэг байна. Түүнд хараагүй  нэг охин дэрсний ёроолд суугаад бүлээссэн элсэн дээр бурхан болсон ээжийгээ зурах аж. Мэдээж сэтгэлийнхээ нүдээр зурна. Урьд нь ээжээ олонтой зурж байсан ч ингэж сэтгэлд нь нийцсэн үгүй. Тэгтэл баахан хүүхдүүд шуугилдсаар ирнэ. Хүүхдүүд “Гоо бүсгүй зурсан байна” гэхэд  охин баярлан “Би ээжийгээ зурсан юм” гэхэд нэг жаал “Тэнгэрийн дагинас зурчихаад ээжийгээ  гэнэ шүү. Чиний ээж яг ийм” гээд хөлөөрөө ээжийг нь сохлох гэхэд охин ээжийгээ тэврэн уйлахад хэн нэг нь:

- Сохор нүднээс нулимс гардаг юм уу?

- Гарч л байгаа биз дээ!

- Нулимс нь хөв хөх юм гээч!

- Үгүй. Хар хөх гээч!

- Тэр хараа ч гэм. Дээлийнхээ энгэрт арччихлаа!

- Пөөх. Хамаг юм нь нулимсандаа будагдчихлаа. Яаж ч угаагаад

арилахгүй дээ гэж хүүхдүүд шуугилдана. х\с-22 \ Энэ хүүхдүүдийн санаа сэдэл, тэдний эвсэх сэтгэлийн хурд нь үнэхээр цөвүүн цагийн өнөөгийн бидний үр ач нар мөнөөс мөн дөө. Охин, нулимс хөв хөх эсвэл хар хөх өнгөтэй. Гар хувцсанд дусвал яаж ч угаагаад арилдаггүй гэхээр нэмж гар дээлээ будахгүйн тулд анх удаагаа нулимсаа дотогшоо залгина. Залгисан нулимс нь үнэхээр гашуун ажээ. Тэгтэл “Та нар сохор хүн хараагүй юу! Явцгаа” гэсээр түүний найз Шонхоон гүйж ирнэ. Шонхоон Сувдааг сугадаж босгоод хувцсыг нь гөвөх гэхэд Сувдаа тохойгоороо түүнийг түлхээд “Нулимс минь хаттал надад битгий гар хүр. Гар хувцас чинь муухай болчихно” гэв. Шонхоон “Тэд чамайг цаашлуулж байгаа юм. Нулимс чинь өнгөгүй яг л ус шиг байхгүй юу” гэхэд, охин “Шонхоон чи нууж байна. Олон хүүхдийн нүд зэрэг үзээд хэлсэн юм чинь! Тэд худал хэлэхгүй. Эмээ л үнэнийг хэлнэ” гээд гэрээдээ яарна. Сувдаа гэртээ ирээд босгоороо давах гээд чадсангүй. Үгүй энэ чинь!

- Эмээ?

- Өөв!

- Та босгоо өндөрлөчихсөн юм уу?

- Яаж байна!

- Би давж чаддаггүй ээ!

-  Үгүй, энэ чинь яадаг хүүхэд вэ? гээд эмээ нь тосно. х\с-23.\

Энд охины сэтгэлийн хямрал, оюуны хүндрэлийг “Босгоо өндөрлөчихсөн юм уу” гэдэг ганц үгээр илэрхийлсэн нь зохиолчийн ур чадвар сэтгэлгээг илтгэнэ. Хүүхдүүдийн үгэнд үнэмшсэн охин гомдохдоо: Эмээ хүртэл үнэнийг хэлсэнгүй, нуулаа. Үнэн чухам ямар өнгөтэй вэ? гэж биднээс асууж байна. Охин сул асгарах нулимсаа газарт бөмбөрч байхаар тонгойно. Элс шороо, чулуу хөв хөх эсвэл хар хөх өнгөөр будагдаж байгаа даа гэж бодно. Бидний эргэн тойрон ийм л харуусалтай, бид харин тийм сохор ажгуу.

                                                    -2-

 Зохиолчийн “Хайр” үгүүллэг өвөрмөц, их уран сонин бүтэцтэй. Уран нь юундаа байна гэхээр нэг үг өөр үгэнд утга шилжин ондоошдгийг хослол зургийн аргаар гэлтэй давхцуулан их мэдрэмжтэй ихэрлүүлэн ижилсүүлсэн нь “энэ чинь юу билээ” гэх самгардалыг танд ч төрүүлэх буй за.

“Гөлөөг, гөлөөг” гэж эцэг нь дуудав. Гөлөг харцаа халируулсаар түүн рүү дөхтөл тэр ганцхан ухасхийн шилэн дээрээс нь шүүрэн авлаа. Чөргөр хэр нь шөрмөслөг гараараа түүнийг тээр дээр өргөн нүдэндээ ойртуулан харж, харж байснаа:

- “Энэ нохойн гөлгийг хараачээ, энэ тэрүүгээр гүйж явсаар бүр

хөөрхөн томорч байх шив” гэв. Чадвал түүнээс салчих санааатай хөл гараа сарвалзуулах зуур Гөлөг “том болох ч дэмий юм байна даа” гэж бодно. Эцэг  сул гарандаа хавчуулсан тамхиа угсруулан сорсноо утааг нь Гөлгийн нүүр лүү үлээлээ. Архи тамхины үнэрт огиудас хүрнэ. Эцэг нүдээ онийлгон хэсэг ширтэж байснаа тас зуусан шүднийхээ завсраар сийгүүлэн “чамайг би яах вэ байз” гэв. Гөлөг аргаа барахдаа өмднийхээ хоосон халаасыг тэмтэрлээ. Эцэг толгойгоо сэгсрэн аргаа барсан өнгөөр шогширч эхлэв. Шогширч шогширч байснаа түүнийг гэрийн баруун хаяа руу хүүе гэхийн завдалгүй шидэж орхилоо. Ноосон түүдэг шиг амьтан гэрийн хаяаг мөргөн унахдаа ханын үдээрэнд хөмсгөө сэт уржээ. Өвдсөн гэж тоймгүй. Нүдээр дүүрэн бүлээн цус урсана”...х\с-15 \ гэж “Хайр” үгүүллэг эхэлнэ. Үгүүллэгт Гөлөгийн найз Жоовоо гэж нэг хэрсүү хүү байх юм.

Тэр сургуульд явдаг тул янз янзын юм сонсож ирнэ. Түүнээ Гөлөгт ярина.

Сая түүнийг гэрийн хаяа руу шидсэн эрийг эцэг нь биш өөр хүүхдийн аав гэж хэлсэн. Жоовоо элдэв номын зураг үзүүлж эцэг эх, гэр бүл, хайрын тухай ярина. Гөлөг “хайр” гэдэг үгийг анх удаа сонсож байгаа болохоор этгээд санагдаад амандаа “хайр” гэж хэлээд үзсэнд сэтгэл нь уярахаар барахгүй нүдэнд нь хүртэл нулимс мэлтэрсэн. Тэр “хайр гэж их үнэтэй, бас их ховор эд байх нь. Надад өгөөд авчих юм юусан билээ. Байгаа нь цоо шинэ дэвтэр, харандаа, бас хашаа давж байгаад сөнгөлсөнөөс\онги татсанаас\ биш шинэ шахуу өмд бий” гэж бодно.  Эндээс л ургуулан бодоход “мөнгөтэй л бол юуг ч худалдан авч болно” гэх оюун санааны ертөнцөд өсөн бойжиж буй нялхсын минь санаа, сургуульд орж номд сурахсан гэх их хүслийн уяа аль аль нь гуниг харуусал дунд чөрхлөгдөх ажгуу. Жоовоо “Энэ цэцэг хүртэл хайраар ургадаг юм. Чи үүнийг таслаж болохгүй шүү. Насанд цөвтэй” гэнэ. Тэр гайхахдаа Жоовоогоос “Чамд энэ сайхан үгнүүдийг хэн заадаг юм бэ” гэхэд Жоовоо ямар ч эргэлзээ үгүй “Эмээ” гэнэ. “Эмээ” гэх ганц үгээр зохиолч ямар өв соёл хаана, хэнд хадгалагдан байгааг давхар илэрхийлжээ. Жоовоо “Энэ ертөнцийн бүхий л юм хайраар амилж, хайраар амьдардаг. Хайргүй хүн энэ орчлонд амьд ч яваад хэрэггүй. Хайргүй хүмүүс цэцгийг таслаж орчлонг бузарлаж байдаг юм. Хайр хайр. Хайрын гал л хүнийг аварна” гэсэн.  Тэр худал хэлдэггүй!. Хүү, тэр үгэнд итгэсэн, үнэмшсэн.

“Гөлөг цусаа цэвэрлэж дуусаад толины хагархайд нүүрээ харвал нүд гэхэд хэцүү, хөмсөг нь язарч түүнээс ягаавтар шүүс бултайжээ. Эцгийг харвал архиндаа дийлдээд гэрийн зүүн орон дээр дээш харан харжигнатал хурхирна. Орон дээр унахынхаа өмнө өрөөсөн хөлийнхөө гутлыг тайлж Гөлөг рүү шидсэн нь онолгүй босго даван унажээ. Гөлөг эцгийн өмнө очин хэсэг ажиглан зогслоо. Архи ууж яваад хэн нэгнээр гөвдүүлсэний мөр нүүрэнд нь сүрхий гүн сорви болон тогтжээ... Магнайд нь хөндлөн нарийхан, долгиотсон зураас татаад түүнд нь өвсний шүүдэр шиг бөнжгөр бөнжгөр хөлс бурзайна. Гөлөг орны толгой дээр тохсон дүүгийн цамцны хормойгоор хөлсийг нь зөөлөн арчив. Эцэг ингэж нэг унтахаараа чихэн дээр нь үхэр ирээд мөөрсөн ч сэрдэггүйг тэр мэднэ. Гөлөг магнайг нь үнслээ. “Ааваа. Хайр, хайр. Хүнд хайр л чухал. Хайргүй хүмүүс л цэцгийг таслаж, хорвоог бузарлаж явдаг юм. Тэгэхээр хайрын гал л хүнийг аварна” гэж хэллээ. Эцэг харжигнатал хухирсаар. Гөлөг эргэж эргэнэг дээрх цоож түлхүүрийг аваад зам зуураа тулганы дэргэд байсан шүдэнзийг өвөртлөөд гарлаа. Цоожоо цуурганд нь хийж түгжээд гэрийн баруун хаяаг түшин салхи нөмөрлөн суулаа. Өврөөсөө шүдэнзээ гарган асаагаад гэрийн нимгэн бүрээст баривал наранд өгөршсөн цагаан цуу ямбуу дээш цоролзон аслаа. Гөлөг гэрээсээ холдон гүйж явахдаа “ааваа хайр, хайр. Хүнд хайр л чухал. Хүнийг хайрын гал авардаг юм шүү дээ” гэж шивнэсээр явна”...х\с-17 хэмээснээр үгүүллэг төгсөж буй нь юуны үр тарина, түүнээ хураахын үлгэрийг бидэнд сануулна. Амьдралын үнэнийг хүн нохой, нохойн хүн мэт нэгэн биед ижилсүүлэн шингээнэ гэдэг их эрдэм. Ийм эрдэм амар хялбар ирэхгүйг бид мэднэ. Тэгэхээр зохиолч Н.Баасанжавын олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, эрэл хайгуул, өөрөө өөртөө үнэнч байсанд онгод билигийн тэнгэр алгаа дэлгэсэн дэгүү.

                                                            

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэтгэлийн нүд  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй