
Хүнийг аз жаргалтай байлгадаг, хүний амьдралын сайхан үйлтэй нь холбоотой ялгардаг үндсэн дөрвөн, нэмэлт 100 гаруй дааврын эсрэг бат бөх зогсож чаддаг, хүнийг аз жаргалгүй байлгадаг Стрессийн даавар буюу Кортизол гэж даавар байдаг байна.
Хүний аз жаргалыг мэдрэх мөч богинохон. Тухайн цаг үедээ мэдрээд сэтгэл санаа нь баярлаад өнгөрдөг. Харин тэр бүхэн нь дурсамж болон хадгалагдана. Байнгын аз жаргалтай удаан хугацаагаар хөөрсөн байдалтай байгаад байдаггүй. Өөрөөр хэлбэл, аз жаргалын даавар нь ундраад хуримтлагдаад байдаггүй.
Харин аз жаргалын эсрэг стрессийн Кортизол даавар биед улам бүр хуримтлагдаад байдаг.
Кортизол нь бөөрний дээд булчирхайд үүсдэг. Кортизол нь хуримтлагдаад байгааг бид мэддэггүй. Ядрах, бие сульдах, бухимдах, хоолны дуршил буурах, нойргүй болох гэх мэт шинж тэмдгүүдээ анзаарахгүй, кортизол даавар ихсээд хуримтлагдаад байгаагаа хүмүүс төдийлөн мэддэггүй.
Кортизол нь зөвхөн мэдрэлийн системд нөлөөлөөд ядраагаад, нойргүй болгоод, хямраагаад байхгүй. Тэр дархлааны системийг дарангуйлна, хоол боловсруулах системийг хямраана. Бамбай булчирхай, нойр булчирхай, эд эсийн нөхөн төлжилт хангах өсөлтийн даавар гэх мэт дотоод шүүрлийн системийг тэр чигт нь хямраана. Өөрийнхөө "хаанчлалыг" тогтоодог хортой эд. Амархан буурдаггүй онцлогтой даавар.
Кортизолыг бууруулдаггүй обьектив шалтгаан байна.
Үүнд:
-Агаарын бохирдол
-Никотин тамхины утаа байнга хэрэглэснээс, донтсоноос
-Ус, хөрсний бохирдол
-Хүнд металлын хордлого
-Хэт их сахар хэрэглэх
-Кафейн кофе хэт их хэрэглэх
-Спирт алкоголь их хэмжээгээр хэрэглэх
-Хэт их идэх
-Хоол идэхгүй хэт их өлсөх
-Тамирчид их олон цагаар системгүй хэт их бэлтгэл хийх
-Их хотын дуу чимээ
-Ядаргаа нойргүйдэл зэрэг нь Кортизол хуримтлагдахад нөлөөлдөг.
Кортизолын өсөлт нь олон таагүй үр дагаварт хүргэдэг:
- Булчингийн эдийн сулрал, хатингаршил
- Ясны эмзэг байдал нэмэгдэх, яс зөөлрөх;
- Бодисын солилцооны эмгэг;
- Цусан дахь сахарын түвшин нэмэгдэх
- Хэвлийн дотоод өөх ихсэх, дотор эрхтэнүүдэд өөх хуримтлагдах;
- Тестостерон буурах;
- Дархлаа сулрах;
- Ходоод, гэдэсний хямрал болох (суулгалт, өтгөн хатах);
- Нойргүйдэл, сайхан унтаж амарч чадахгүй болох;
- Амархан ядрах;
- Цочромтгой болох, ууртай түрэмгий болох;
- Бамбай булчирхайн үйл ажиллагааны доголдол
- Бэлгийн сулрал
- Эмэгтэйчүүдэд биений юмны хэмжээ багасах, улмаар зогсох гэх мэт эмгэгт хүргэнэ.
Өнөөдөр хүмүүс ихэвчлэн санхүүгийн бэрхшээл, хүмүүс хоорондын харилцааны асуудал, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн асуудал, өвчин зовлон зэргээс стресст их орж байна. Архаг стресс нь кортизолын түвшин нэмэгдэх, хуримтлагдахад хүргэдэг бөгөөд энэ нь эргээд бодисын солилцооны эмгэг, таргалалт, нойргүйдэл, улмаар архаг ядаргаанд хүргэхийн сацуу хавдар, харшлын өвчнөөр өвдөх үндэс болно.
Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Ш.Цэрэнсамбуу
Хүн аз жаргалгүй болох үндэслэл юу вэ | ||
Үзсэн: 2348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.