Шууд Chart

Цагаан олимпын түүхээс - "Санкт Мориц-1948"

2022-01-16 11:21:36

“Бээжин-2022” өвлийн олимп эхлэх мөч ойртсонтой холбогдуулан цагаан олимпын түүхийг цувралаар хүргэж байна.

Дэлхийн хоёрдугаар дайнаас болж 12 жил завсарласан өвлийн олимп эргэн ирлээ. Уг нь 1940 оны олимп Японы Саппород болох тов аль эрт гараад байв. Гэвч тэр үед япончууд  Манжуурт дайны ажиллагаа эхлүүлээд байсан тул цуцлагдахаас аргагүйд хүрчээ. Дараа нь Герман, Финландын аль нэгэнд эрхийг шилжүүлэх хувилбарын талаар ярилцаж байв. Гэвч  дайны үйл явц санаснаас түргэн эхэлсэн тул олимп зохион байгуулах талаар саналтгүй болжээ.

Харин дайны дараа олимпыг хүлээж авах боломжтойгоо ердөө хоёрхон хот илэрхийлсэн юм. Энэ бол Швейцарын Санкт Мориц, Америкийн Лейк Плэсид. Швейцар улс дэлхийн дайнд төвийг сахисан байдалтай оролцсон, дайны хөлд нэрвэгдээгүй байсан тул тэдэнд олимп зохион байгуулах эрхийг өгөв. Европын олон төлөөлөгч далай гатлан Америкийг зорихоос татгалзсан нь Швейцарыг сонгоход нөлөөлсөн байна.

Ингэснээр Санкт Мориц цагаан олимпыг хоёр дахь удаагаа хүлээн авсан анхны хот болжээ. Хүнд хэцүү дайныг ардаа орхисны дараа зохиогдсон олимп “Наадам эргэн ирлээ” уриан дор болсон юм.

Гэвч олон орны тамирчид хөрөнгө мөнгөний асуудлаас болоод Санкт Морицийг зорьж чадсангүй. Жишээ нь тухайн үедээ дээгүүр өрсөлддөг байсан Норвеги, Америкийн цаначид дээрх шалтгааны улмаас олимпыг өнжжээ. Гэхдээ 28 орны 669 тамирчин (үүнээс 77 нь эмэгтэй) 22 багц медалийн төлөө өрсөлдлөө. Дани, Исланд, БНСУ, Ливан, Чилийн тамирчид цагаан олимпод анх удаа тоосоо өргөв. Харин өмнөх оролцогчдоос Лихтенштейн, Австрали болон дэлхийн хоёрдугаар дайны гол буруутан Герман, Япон улс олимпыг өнжжээ.

Швейцарчууд өмнөх олимпыг зохион байгуулсан туршлага дээрээ үндэслэн хэд хэдэн өөрчлөлтийг хийв. Юуны өмнө олимп зохиогдох хугацааг урагшлуулснаар цаг агаарын таагүй үзэгдлээс сэргийлж чадсан юм. Мөн олимпын марк хэвлүүлж гаргасан нь багагүй ашиг авчирчээ. Зохион байгуулагчид фотофинишийн электрон төхөөрөмж туршсан нь тун амжилттай болов. Түүнчлэн англи, америкчууд бобслей, уулын цанын тэмцээнийг телевизээр шууд нэвтрүүлэхээр оролдсон нь амжилтад хүрээгүй юм. Үүнээс хэдэн сарын дараа буюу Лондоны зуны олимпын нээлтийг ВВС телевиз түүхэнд анх удаа зурагтаар шууд дамжуулан үзүүлжээ.

Скелетоны төрөл 20 жилийн дараа олимпын хөтөлбөрт эргэн ирж, Италийн Нино Биббия түрүүлэв. Энэ нь Италийн тамирчдын өвлийн олимпоос авсан анхны медаль болжээ. Францын Анри Орейе уулын цанын гурван төрлөөс хоёр алт, нэг хүрэл медаль зүүж, олимпын гол баатруудын нэг боллоо. Хүнд хэцүүгээрээ алдартай Альпийн уулын замд нэг хүн гурван медаль авсан түүх өмнө нь байсангүй. Америкийн уран гулгагч Ричард Баттон хоёрлосон аксель эргэлтийг анх удаа хийсэн тамирчин болов. Дээрх амжилтаараа тэр олимпын аварга цолыг итгэл төгс хүртжээ. Тэрбээр энэ үед 18 настай байсан бөгөөд тус олимпын хамгийн залуу аваргаар тодорч байв.

Мөн өвлийн таван төрөлт олимпын хөтөлбөрт анх удаа багтжээ. Тамирчид цана, буудлага, уулын цанын даунхил төрөл, туялзуур сэлэм, морин уралдааны төрөлд өрсөлдөж, медальтнуудаа шалгаруулсан юм.

Олимпын хоккейн тэмцээн эхлэхээсээ л хэл амтай байлаа. Америкт хоккейн хоёр холбоо байгуулагдаж, аль аль нь тамирчдаа олимпод оролцуулахыг хүсэв. Дотооддоо хэл амаа ололцож чадаагүй тул Америкийг төлөөлсөн хоёр баг Швейцарт хүрэлцэн очжээ. Гэхдээ хоёуланг нь оруулах боломжгүй тул ОУОХ-нд бүртгэлтэй холбооны тамирчид нь  өрсөлдсөн юм. Энэ тэмцээнд Канадын баг итгэлтэй түрүүлж, алдсан алтан медалиа эргүүлэн авлаа. Тэд найман тоглолтын долоод нь хожиж, нэг тэнцэхдээ 69 гоол хийж, тавыг алджээ.

Чехийн шигшээ тэдэнтэй 0:0-ээр тэнцэж, бусад өрсөлдөгчөө буулгаж аван мөнгөн медаль хүртэв. Талбайн эзэн Швейцар 1928 оны амжилтаа давтан хүрэл медалийн эзэн болов. Канадын багийн довтлогч Уолтер Халдер 21 гоол оруулж, найман оновчтой дамжуулалт өгсөн амжилтаар тэмцээний мэргэн буучаар шалгарсан юм.

Энэ удаагийн олимпод багийн дүнгээр Норвеги, Швед, Швейцар маш ширүүн өрсөлдлөө. Эцэст нь Норвеги, Шведийн багууд авсан бүх медалийнхаа тоогоор тэнцэж, тэргүүн байрыг хуваан эзэлжээ.

Медаль авсан орнууд

Улс                       Алт      Мөнгө    Хүрэл         Нийт

1-2.Швед              4             3            3               10

1-2.Норвеги         4             3            3               10

3.Швейцар           3             4            3               10

4.АНУ                    3            4            2                9

5.Франц                2            1            2                5

6.Канад                 2            0            1                3

7.Австри               1            3            4                8

8.Финланд            1            3            2                6

9.Бельги                1            1           0                2

10.Итали               1            0           0                1

11-12.Унгар           0           1           0                1

11-12.Чехословак 0           1           0                1

13.Их Британи       0           0          2                2

Нийт                      22         24        22             68

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цагаан олимпын түүхээс - "Санкт Мориц-1948"  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй