Шууд Chart

С.Даваабаяр: Өөртөө тээр болохгүй баярлах хэрэгтэй. Аливаа баяр наадмын үндсэн зорилго ийм

2022-01-24 09:27:32

Зурхай судлаач, дэд профессор С.Даваабаяртай монголчууд цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг уламжлалын талаар ярилцсанаа хүргэж байна.

-Уламжлал, ёс заншлаараа сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэх нь зүйтэй вэ?

-Цагаан сарын баяр нь билгийн тооллоор тухайн нэгэн шинэ жил эхэлж байгааг тэмдэглэж байна гэсэн утга учиртай. Билгийн тооллын эхлэлийг тэмдэглэх олон янзын ёс бий. Чингис хаан 63 настайдаа энэ баярыг Монголын цагаан сар гэж нэрлэж, бар сарын шинийн 1-нд тэмдэглэж эхэлсэн нь түүхэн сурвалж бичигт үлдсэн байдаг. Энэ тогтсон зан заншлаараа явж байгаа. Монголчуудын цагаан сарын баяр цаг хугацааны хувьд Бурхан багш рид хувилгаан үзүүлж, тэрсүүд (бусад шашны төлөөлөгчид)-ийг номхтгож шавь оруулсан бурхны шашны том үйл явдалтай давхацдаг нь энэ уламжлалт баярыг улам тодотгон учир утгатай болгодог.  Энэ нь Буддын шашинт монголчууд сар шинийн баяраараа цагаан сараа тэмдэглэхийн сацуу буян ном хийж, өөртөө болон өрөөлд тусалдаг гэсэн үг.

Цагаан сараар монголчууд ахмад настнаа хүндэтгэж золгодог. Мөн архи дарс бус цагаан идээ, сүү хэрэглэдэг. Золгосон хүмүүст бэлэг барихдаа сэтгэлээ шингээсэн бэлэг өгдөг байсан. Жил ирэх тусам энэ ёсыг хөөрөгдсөөр золгож буй хүнд өгөх бэлэг сэлтэд хэт анхаардаг, хөрөнгө чинээ гаргаж зэхдэг болсон. Уг нь бол юм л даа.

Сар шинийн баяраар хамгийн гол нь өөр хоорондоо сайхан бэлэг дэмбэрэлтэй үгс солилцох ёстой.

Монгол хүмүүс амны билгээр амьдардаг ард түмэн учраас цагаан сарын баяраараа билэг дэмбэрэлтэй, гоё сайхан зүйлийн тухай ярилцаж, ах дүүсээ мэдэлцэж, золгодог уламжлалтай байсан.

-Зүг мөрөө гаргах тухайд ямар заншилтай байсан бэ?

-Өмнө нь бол цагаан сарын шинийн 1-нд зөвхөн гэрийн эзэн, өрхийн тэргүүн л мөрөө гаргадаг байсан. Ингэхдээ мөр гаргахынхаа өмнө гэртээ үр хүүхэдтэйгээ золголтоо хийнэ. Дараагаар нь өрхийн тэргүүн уул овоондоо гарч, идээ будааныхаа дээжийг өргөж, газар усны сан уншиж, уул усаа аргадна. Сан уншиж мэдэхгүй бол сайхан ерөөл хэлдэг. Дараа нь уул усандаа өөрийгөө, гэр бүлээ, ажил төрлөө, зон олноо даатгаж, хүслээ шивнэж гуйдаг.

-Сүүлийн үед хүмүүс мөрөө гаргачхаад золгодог болсон. Энэ зөв үү?

-Золгочхоод мөрөө гарга, мөрөө гаргачхаад золго гэж сударт бичиж үлдээсэн зүйл байхгүй. Гэхдээ бодоод үзэхэд шинэ жил эхэлж байна. Тэгэхээр аав, ээжүүд нь шинэ жил эхэлсэн учир үр хүүхэдтэйгээ золголоо. Дараа нь өрхийн тэргүүн гэрээс гарч мөрөө гаргах нь зүйтэй юм шиг бодогдож байгаа биз. Энэ дээр нэмж хэлэхэд 61, 81 настай хүмүүс битүүний өдөр золгодог дом бий. Энэ насны хүмүүст махбодын зурхайд заасан олон мөчлөг таардаг. Мөчлөг гэдэг нь мэнгэ голлох, жил орох гэх мэт био хэмнэлийн хувьд таатай бус хэмнэл таарч байна гэсэн үг.  Иймээс битүүний орой золголтоо сайхан хийгээд, шинийн нэгэндээ ахиж золгоод 62, 82 нас боллоо гэж тааруу хэмнэл буюу мөчлөгөө домнодог.

-Шинийн нэгэнд иргэд нар харах ёслолд оролцдог. Монголчууд өмнө нь ийм ёслол үйлддэг байв уу?

-Байгалиа харж, хайрлаж байгаа л нэг үзэгдэл. Гэхдээ Буддын шашинд нар хараад сайхан болно гэсэн сургаал номлол байхгүй. Хамгийн гол нь байгаль эхээ хайрлах сэтгэл.

-Шинийн 2-нд багтаж золголтоо дуусгах ёстой гэсэн дам яриа гарчээ. Ийм ёс, уламжлал байдаг уу?

-Ном сударт бол ийм зүйл байхгүй. Харин уй гашуу тохиолдсон хүмүүс золгохгүйгээр хөөрөг зөрүүлдэг ёс заншилтай. Монголчууд бар сарын шинийн 15-ны дотор золголтоо хийж, буян номд шамддаг болсон. Хамгийн гол нь буян ном хийх. Сүм, хийдээр орчхоод гарахыг буян ном хийх, буян ном хийлээ гэж ойлгож болохгүй. Монголчууд сар шинийн баяраар Бурхан багшийн айлдсан Алтангэрэл, Доржзодов, Жадамба, Сундуй зэрэг том хөлгөн судрыг хүрээ хийд орж айлтгуулдаг байсан. Ийн буян хийж байгаа нь өөртөө л тусалж байгаа хэрэг. Буян гэж юу вэ гэвэл бусдад туслах, тусалж чадахгүй бол хорлохгүй байх. Тиймээс хэн нэгэнд хорлол учруулахгүй байх нь зүй.

-Сар шинээр засал номоо хэдий хугацаанд амжиж хийлгэх ёстой вэ?

-Буддын шашинд заавал тэг ингэ гэсэн ойлголт байдаггүй. Шинийн 15-ндаа амжиж засал номоо хийлгэвэл Бурхан багш хувилгааныг үзүүлж, тэрсүүдийг номхтгож байсан цаг хугацаатай давхцах учир билэг дэмбэрэлтэй, буян улмаа арвиждаг. Тиймээс шинийн 15-наас хойш ч засал номоо хийлгэж болно. Шинийн 15-нд багтааж заслаа хийвэл сайн, хойно нь хийлгэсэн тохиолдолд муу гэсэн зүйл байхгүй. Бурхны шашны номоор бол хүн өдөр бүр буян хийх ёстой. Мөн бусад хүн амьтанд хорлол, хөнөөл учруулахгүй ёсгүй.

-Философич С.Молор-Эрдэнэ сар шинийн баярыг шүүмжилсэн байдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Философилог хүн, философи санаа үргэлж эргэлзэж байх ёстой ч юм бүхнийг шүүмжилж, үгүйсгэж байгааг нь ойлгохгүй байна. С.Молор-Эрдэнэ монголчууд сар шинийн баяраа өөртөө болон өрөөлд төвөгтэй байдлаар тэмдэглэж байгааг шүүмжилж байж болно. Тэрнээс олон зуунаас өвлөгдөж ирсэн ёс заншил руу дайрах юм бол тусгаар тогтнол болон шашин руу дайрч байна гэсэн үг. Зан заншил, шашин хоёр бол сүү, ус мэт холилдсон байдаг. Дээр хэлсэнчлэн монголчууд цагаан сараа төвөгтэй тэмдэглээд байгааг засъя, сайжруулъя гэж байгаа бол түүнийг нь дэмжээд уриа хашхираад дайрах хэрэгтэй. Хоцрогдсон баяр гэж байгаа бол уучлаарай тийм зүйл байхгүй. Олон зуун жил тэмдэглэж ирсэн тогтсон баяр бол их тооныхоо хуулиар ч зөв байдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

С.Даваабаяр: Өөртөө тээр болохгүй баярлах хэрэгтэй. Аливаа баяр наадмын үндсэн зорилго ийм  
Үзсэн: 3141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй