Шууд Chart

Аймгийн заан Э.Мөнхжаргал сар шинийн барилдаанд түрүүллээ

2022-02-01 18:45:13

 

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэлээ.

Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Монгол Улсын гарьд Мягмарын Бадарч, Увс аймгийн Тэс сумын уугуул, улсын харцага Төрөөгийн Баасанхүү нар шалгарсан юм.

Сонирхуулахад, Цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөх түрүүлсэн тохиолдлыг эргэн сануулахад 2010 оны бар жил Монгол Улсын аварга Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо түрүүлж байсан бол дараа жил нь улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн хурц арслан цолтойдоо мөн түрүүлж байв.  

Түүнчлэн тус барилдаан 1963 онд “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохион байгуулагдаж байв.

Анхны барилдаанд 64 бөх хүч үзсэнээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дархан аварга Ж.Мөнхбат тухайн үед улсын заан цолтой байхдаа түрүүлж, уран барилдаанч аварга Ч.Бээжин үзүүрлэж байжээ.

Их шөвөгт улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам нар шалгарсан байдаг.

Тэр жилийн барилдаанд хоёр “Мөнх” анх удаа учраа таарсан түүхтэй. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх тухайн үед аймгийн начин цолтой зодоглон дунд шөвөгт Ж.Мөнхбатад тахимаа өгсөн гэдэг. Гэхдээ Х.Баямөнх тэр жилийн улсын баяр наадамд улсын арслан Г.Цоодолоор тав давж, улсын начин цолонд хүрч байсан юм.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймгийн заан Э.Мөнхжаргал сар шинийн барилдаанд түрүүллээ  
Үзсэн: 2258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй