Шууд Chart

Кайл Снайдер: Орос оронд ирэх бүр надад таатай сайхан байдаг

2022-02-06 14:22:33

АНУ-ын чөлөөт бөхийн алдарт тамирчин, олимпын аварга Кайл Снайдер анх 2016 онд Красноярск хотод дэлхийн аварга цолтойгоор олимпын алтан медаль авах зорилготойгоор ирж байжээ.

Ярыгиний нэрэмжит тэмцээнд тав дахь удаагаа оролцож, дөрөв дэх медалиа хүртэж, гурав дахь удаагаа түрүүлж байв. 

WRESTRUS.RU-ийн сурвалжлагч Тигран Аванянтай хийсэн ярилцлагадаа тэрбээр яагаад ийм хүйтэн жавартай үед Сибирьт ирэх дуртай байдгаа, мөн ОХУ-ын аль бүс нутагт илүүтэй дуртайгаа, дараагийн тэмцээн уралдааных нь гараа түүний хувьд хаана болох, ямар байх талаараа ийн ярилцжээ.

 -Ярыгиний тэмцээн бол маш их өрсөлдөөнтэй, ач холбогдолтой хэмээгээд Орост ирэх бүрдээ би Сибирьт очих дуртай, тэмцээний гурван удаагийн ялагч болсон минь ч тун их аз юм. Иван Ярыгин бол маш алдартай бөх. Ялангуяа түүнийг хагас хүнд жингийн бөх байсанд нь би их баяртай байдаг.

 -Таныг Красноярскт очиход Абдулрашид Садулаевыг тэмцээнээс чөлөөлсөн байсныг нь мэдсэн үү?

 -Мэдээж тэгэлгүй яах вэ. Би Абдулрашидтай байнгын харилцаатай бөгөөд тэр надад Европын аварга шалгаруулах тэмцээнд сонгон шалгаруулалтгүйгээр бэлдэж байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Тэр надад бичихдээ, Кайл, би одоохондоо зодоглоогүй байгаа болохоор чамд ялалт байгуулахад амар байх болно, гэсэн байсан (инээв). Гэхдээ Садулаев зодоглох эсэх нь миний хувьд тийм ч чухал биш. Ярыгиний тэмцээн бол дэлхийн хамгийн шилдэг тэмцээнүүдийн нэг болохоор энд Садулаевтай хамт бэлтгэл хийдэг хүмүүстэй өөрийгөө сорьж өрсөлдөх нь надад сонирхолтой байдаг. Энэ тэмцээнд түрүүлэхийн тулд л би энэ хүртэл ингэж удаан ниссэн юм. Дараагийн удаа Орост хэзээ ирэхээ мэдэхгүй байна. Гэхдээ би ирнэ гэж баттай хэлж чадна.

 -Та Красноярск, Москва, Владикавказ, Махачкалад очиж байсан. Таны хувьд Оросын ямар газар нутаг хамгийн их таалагддаг вэ?

 -Дагестаны Чародинский район л юм даа. Тэнд намайг маш халуун дотноор хүлээж авсан болохоор би өөрийгөө яг л аварга хүн байгаа аятай санасан шүү (инээв). Танай улсад намайг маш их дэмждэг, надад амжилт хүсч ерөөлийн үгс хэлдэг хүн олон байдаг. Энэ бол миний хувьд үнэхээр чухал зүйл. Маш их баярлалаа, найзууд аа!

 -Таны дараагийн тэмцээн уралдааны гараа хаанаас эхлэх вэ?

 -АНУ болон Ираны шигшээ багуудын хооронд болох тэмцээн (энэ тэмцээнд оролцох Ираны шигшээ багт виз олгогдоогүйн улмаас цуцлагдсан) л байх болов уу.

Орчуулсан Н.Энхбаяр.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кайл Снайдер: Орос оронд ирэх бүр надад таатай сайхан байдаг  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй