
Өвлийн олимпын сонирхолтой төрлийн нэг уран гулгалтын Бээжингийн эрэгтэйчүүдийн төрлийн медальтнууд тодров.
2018, 2019, 2021 оны дэлхийн аварга АНУ-ын 22 настай Нейтан Чен Бээжинд нийлбэр дүнгээр 332.60 (113.97+218.63) оноогоор олимпын аварга боллоо. Дөрвөн жилийн өмнө Пёньчанд хүрэл медаль хүртсэн Хятад гаралтай Чен Бээжинд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай тамирчнаар нэрлэгдэж байсан бөгөөд итгэл ч алдсангүй.
Түүний хувьд богино үзүүлбэрт дэлхийн рекорд тогтоосон бол чөлөөт үзүүлбэрт 218.63 балл авснаар нийлбэр дүнгээр арын өрсөлдөгчөөсөө даруй 20 гаруй бүхэл оноогоор илүүрхэж тасархай түрүүлэв.
АНУ-ын уран гулгагчдаас 2010 оны Ванкуверийн олимпод Эван Лайсачик аваргалснаас хойш 12 жилийн дараа эх орондоо алтан медаль авчирлаа.
Тэгвэл өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Японы Юма Кагияма 310.05 (108.12+201,93), “Пенчань-2018” олимпын наадмын мөнгөн медальт Шома Үно 293.0 (105.90+187.10) удаалж мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Тэгвэл богино үзүүлбэрт тааруухан оролцсон олимп, дэлхийн хошой аварга Японы алдарт уран гулгагч Юзүрү Ханю чөлөөт үзүүлбэрт хэд хэдэн алдаа гарган гуравдугаарт бичигдэж нийлбэрээр дөрөвдүгээр байрт орж медалийн гадна үлдэв. 27 настай түүний хувьд сүүлийн олимп.
Хятад гаралтай АНУ-ын тамирчин 22 настайдаа олимпын аварга болов | ||
Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.