Шууд Chart

БНАСАУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоов

2022-05-14 09:23:57

Олон улсад Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Умард Солонгост халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Иймд тус улс үндэсний хэмжээнд Ковид-19 цар тахлаас сэргийлэх онц байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байна. Цар тахлын халдвар бүртгэгдсэнээр дэлхийд коронавируснйи эсрэг вакцинжуулалт хийгээгүй улсуудын нэг Умардад хүмүүнлэгийн хямрал нүүрлэх вий гэж олон улс болгоомжилж байгаа юм.

Тодруулбал, Умард Солонгосын төрийн хэвлэл нийслэл Пёньян хотод өнгөрсөн ням гарагт коронавирусний омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлжээ. Тус улсын удирдагч Ким Жон Ун оролцсон эрх баригч намын улс төрийн товчооны шуурхай хуралдаанаар цар тахлын халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг хамгийн өндөр түвшинд хүргэхээр шийдвэрлэжээ.

Энэ шийдвэрийн дагуу улс орон даяар хөл хорио тогтоожээ. Харин Омикрон хувилбар хэчнээн хүнд халдварласан тухай  Умардын төв хэвлэлд мэдээлээгүй байна. Энэ нь Умард Солонгос Ковид-19 цар тахлын халдварын тохиолдлыг анх удаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Пёньян цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд 2020 оны 1 дүгээр сараас хойш 2 жил гаруйн хугацаанд хилээ хаасан. Энэ хугацаанд Умардын эрх баригчид халдварын нэг ч тохиолдол бүртгэгдлээ гэж мэдээлээгүй ирсэнд олон улсын мэргэжилтнүүд эргэлзэж байгаа юм. Тус улс энэ оны 1 дүээр сард Хятадын Дандун боомттой төмөр замын тээврээ туршилтын журмаар нээсэн.

Гэвч Дандун хотод халдвар гарсан шалтгаанаар хятадын тал өнгөрсөн 4 дүгээр сард уг тээврийг зогсоожээ. Ажиглагчид Пёньян цар тахлын халдвар тархсаныг олон улсад зарлаж байгаа нь нөхцөл байдал хүндэрсний шинж тэмдэг байж болох юм гэж үзэж байна. Умард Солонгос Ковакс хөтөлбөрөөс санал болгосон вакцины тусламжаас хэд хэдэн удаа татгалзсан.

Харин олон улсын тусламжийн байгууллагууд вакцин хүлээж авах нь эрүүл мэндийн сул тогтолцоотой тус улсын хувьд цар тахлын давлагаа үүссэн нөхцөлд түүнийг даван гарахад дэмжлэг болно гэж зөвлөж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоов   
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй