Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш мужийн Банда хот дэлхийн хамгийн халуун суурин газруудын нэгт тооцогдох болсон бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр оршин суугчдын өдөр тутмын амьдрал улам хүндэрч байгааг Асошиэйтед Пресс (AP) сурвалжилжээ.
Энэ оны тавдугаар сард тус хотын агаарын температур 48.2 хэмд хүрч, Энэтхэгийн хамгийн халуун газраар хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна. Цаг уур судлаач Максимилиано Эррерагийн мэдээлснээр Банда хот энэ онд дэлхийн хамгийн халуун цэгээр долоон удаа нэрлэгдсэн бөгөөд ихэнх нь дөрөвдүгээр сард тохиожээ. Хэдийгээр борооны улирал эхэлсэн ч агаарын өндөр чийгшил халууныг улам хүндрүүлж байгаа аж.
Өглөөний 04:00 цагт ч агаарын температур 30 хэм орчим байдаг тул хүнсний захын ажилчид ажлаа эхлэхдээ л халуунтай нүүр тулдаг байна. 70 настай Мунни Деви болон түүний хөвгүүд өдөр бүр хүнсний ногоо ачиж буулгах ажлаа үргэлжлүүлэхээс өөр сонголтгүй бөгөөд халуун жил ирэх тусам улам хүчтэй болж байгааг ярьжээ.
Өдрийн турш олон айл цахилгаан тасалдах асуудалтай тулгарч, сэнс хүртэл ажиллуулах боломжгүй болдог байна. Иргэд усанд норох, модны сүүдэр бараадах, шөнөдөө байшин дотроо тэсэхийн аргагүй болсон үед гадаа, зарим нь төмөр замын буудал дээр хонож халуунаас аргацаадаг аж. Эмнэлгүүдэд халуунд цохиулах, шингэн алдалтын улмаас хандсан өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан халууны давалгааны үргэлжлэх хугацаа уртасч, эрчим нь нэмэгдэн, аюултай нөхцөлд өртөх хүний тоо өссөөр байна. Ялангуяа шөнийн температур өндөр хэвээр байх нь хүний бие өдөртөө авсан халуунаас сэргэх боломжийг хязгаарлаж, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг гэж тайлбарлажээ.
Банда хотын захиргаа халууны үеэр хөргөлтийн төвүүд ажиллуулах, ус, шингэн нөхөх бүтээгдэхүүн тараах, эмнэлгүүдийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа ч энэ нь дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг дангаар шийдвэрлэх боломжгүйг орон нутгийн удирдлагууд онцолсон байна.
| Энэтхэгийн Банда хотынхон хэт халууны хүнд нөхцөлд амьдарч байна | ||
| Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.