Шууд Chart

Чацарганы тосны Кодексийн стандарт боловсруулах саналыг “Шинэ ажил”-аар баталлаа

2026-07-20 09:01:22

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үндэсний онцлог, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болох ингэний сүү болон чацарганы тосыг олон улсын зах зээлд таниулан сурталчлах, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдааны техникийн саадыг бууруулах зорилгоор эдгээр бүтээгдэхүүний Кодекс Алиментариусын олон улсын стандартыг боловсруулах ажлыг 2025 оноос эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын боловсруулсан чацарганы тосны Кодексийн стандарт боловсруулах шинэ ажлын саналыг Швейцарийн Женев хотноо 2026 оны 7 дугаар сарын 6–10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Кодекс Алиментариусын Комиссын (CAC) 49 дүгээр чуулганы хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, “Шинэ ажил”-аар албан ёсоор баталлаа.

Шинэ ажлыг баталснаар чацарганы тосны олон улсын Кодексийн стандартыг боловсруулах үйл явц албан ёсоор эхэлж байгаа бөгөөд цаашид шинжлэх ухааны нотолгоо, техникийн үндэслэлд тулгуурлан гишүүн улс орнуудын оролцоотойгоор стандартын төслийг боловсруулж, үе шаттайгаар хэлэлцэн батлуулах юм.

Энэхүү шийдвэр нь Монгол Улсын санаачилга олон улсын түвшинд дэмжигдэж буйг илэрхийлэхийн зэрэгцээ чацарганы тосны чанар, аюулгүй байдлын нэгдсэн шаардлагыг олон улсын хэмжээнд тогтоох, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломжийг нээнэ гэж үзэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Чацарганы тосны Кодексийн стандарт боловсруулах саналыг “Шинэ ажил”-аар баталлаа  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй