Шууд Chart

БНТУ: Швед, Финландыг НАТО-д гишүүнээр элсэхийг эсэргүүцэж байна

2022-05-15 09:52:10

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Швед, Финланд улсуудыг НАТО-д гишүүнээр элсэхийг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ. Турк улс шалтгаанаа Швед, Финланд улсуудыг Курдын зэвсэгт дайчид болон алан хядагчид гэж үздэг бусад хүмүүсийг дэмждэг гэсэн үндэслэлээр тайлбарлаж байна. Ингэснээр Турк улс НАТО-гийн гишүүний статусаа ашиглан Швед, Финландын гишүүнээр элсэх хүсэлтэд хориг тавьж магадгүй аж.

Тодруулбал, Турк улс Швед болон Баруун Европын зарим улсыг Анкарагийн алан хядагч гэж үздэг байгууллагуудыг дэмждэг гэж буруутгаж ирсэн. Тухайлбал Курдын хөдөлмөрийн нам, Сирийн Курдын ард түмнийг хамгаалах нэгж мөн Америкт төвтэй Фетхуллах Гюленийг дагагчдад орогнох таатай орчныг бүрдүүлдэг гэж үздэг.

Эрдоган мөн Грекийг НАТО-д элсүүлсэн нь алдаа байсан гэж мэдэгджээ. Туркийн байр сууринаас шалтгаалж НАТО-гийн гишүүн 30 улсын бүгдийнх нь саналыг авч байж гишүүнчлэх шаардлагатай Швед, Финландын чармайлтанд том саад тулгарч магадгүйг Аль Жазира онцолжээ.

Туркийн энэ байр суурины дараа Финландын гадаад харилцааны сайд мэдэгдэхдээ, "Бид терроризмын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд нэгдмэл байр сууринаас хандаж байгаа, НАТО-д элсэх үйл явц нэг өдөр шийдэгдэхгүй, янз бүрийн л бэрхшээлтэй тулгарах байх, тиймээс бид тэвчээртэй байх шаардлага тулгарч байна" гэж мэдэгджээ.

Одоогоор Финланд улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар НАТО-д гишүүнчлэх өргөдлөө яаралтай өгөхийг дэмжиж байгаагаа зарласан. Ингэснээр тус улс ойрын үед НАТО-д элсэх өргөдлөө гаргах нь тодорхой болсон.

Харин Шведийн эрх баригч Социал демократ нам НАТО-д элсэх эсэх шийдвэрээ ням гарагт гаргах төлөвтэй байна. Шведийн засгийн газар ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш Скандинавын улсад тулгарч байгаа аюулгүй байдлын орчин өөрчлөгдсөн тухай тайлан гаргасан байна. Шведийн засгийн газар НАТО-д гишүүнээр элсэх эсэхээ шийдэх үндэслэл болох засгийн газрын аюулгүй байдлын бодлогын энэхүү дүн шинжилгээг баасан гарагт  хууль тогтоох байгууллагадаа танилцуулсан.

Уг тайланд Москва Шведийг НАТО-д элсэх асуудалд сөргөөр хандаж, Шведийн агаарын орон зай, далай тэнгисийн орон зайг зөрчих, кибер орчинд халдах зэрэг хэд хэдэн эсэргүүцэх арга хэмжээ авч магадгүй тухай дурджээ.

Мөн Москва цөмийн зэвсгээр стратегийн дохио өгч магадгүй хувилбарыг ч тооцсон байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Швед, Финландыг элсэх эрмэлзэл байгаа бол эвсэлд аль болох шуурхай элсүүлж авах болно гэж мэдэгдсэн.

Харин ОХУ НАТО-гийн өнгөрсөн хугацаан дахь зүүн тийш тэлэх бодлогыг эсэргүүцэж ирсэн, Украин руу цэрэг оруулахад НАТО-гийн тэлэлт нэг хүчин зүйл нь болсон гэж ерөнхийлөгч Путин мэдэгдэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ: Швед, Финландыг НАТО-д гишүүнээр элсэхийг эсэргүүцэж байна   
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй