
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг зогсоохын тулд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзаж хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа дахин мэдэгджээ. Киевийн хувьд арми нь Украиныг бүрэн эзлэх гэсэн Москвагийн төлөвлөгөөг нураасан ч дайн урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй болж байгааг анхааруулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Украины зүүн болон өмнөд бүс нутагт байлдааны ажиллагаа өрнөж байгаа аж. Азовын тэнгисийн боомт хот Мариуполийн гангийн үйлдвэрийг хяналтдаа авахын төлөө хоёр талын арми тулалдаж байгааг олон улсын хэвлэлүүдээр мэдээлсээр байна.
АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шоигутай Орос Украинд цэргээ оруулснаас хойш анх удаа утсаар ярьсан байна. Энэ яриа Америкийн талын санаачилгын дагуу болжээ.
Америкийн тал Украинд нэн даруй гал зогсоохыг Оросын батлан хамгаалахын сайдад уриалжээ. Мөн харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгах нь чухлыг Сергей Шоигуд илэрхийлсэн юм байна. Энэ үеэр Украины Одесс хотын дэд дарга Орос боомтоос үр тарианы тээвэрлэлтийг гаргахгүй хориглосноос үүдэж дэлхий даяар хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй болж байгааг анхааруулжээ.
Хэрвээ энэ Украины үр тарианы тээвэрлэлт удаан саатвал дэлхийн хөгжингүй улс орнуудад үр тарианы үнэ эрс өсөхийн зэрэгцээ Африк тивийн ард иргэд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй гэж Одессын удирдлага мэдэгджээ. Одесс нь Украины хамгийн том боомт. Орос Хар тэнгист гарах гарцыг хаасан учраас тус боомтоос гарах тээвэрлэгч онгоцны бараг 80 хувь нь хорионд оржээ.
Сүүлийн өдрүүдэд Одессын ойролцоо хоёр талын армийн тулалдаан эрчимжсэн байна. Украины арми Хар тэнгисийн Снейк арлын хяналтыг эргүүлж авахын төлөө Оросын армитай байлдаж байгаа юм.
АНУ болон ОХУ-ын батлан хамгаалахын сайд нар утсаар ярив | ||
Үзсэн: 443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.