Шууд Chart

Ц.Төрмандах: Сэтгүүлч хүн аль нэг намын харьяанд байж болохгүй

2022-05-16 10:36:16

МҮОНР байгуулагдсаны 88, МҮОНТ байгуулагдсаны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнийг тохиолдуулан тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн эрхмүүдийг “Редакцийн зочин” буланд урьж, оролцуулж байна.

Энэ удаа МҮОНТ-ийн ерөнхий захирлын албанд Улс төрийн академид хоёрдугаар курст сурч байхдаа томилогдсон Ц.Төрмандахыг оролцуулж байна. Тэрбээр 1992 онд УИХ-д Дорнод аймгаасаа нэр дэвшиж, төр барилцаж явсан нэгэн.

-МҮОНРТ хэмээх их айлд та хэдэн оноос эхэлж ажилласан бэ. Энэ асуултаар хоёулаа ярилцлага эхэлье ...

-1975 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Тэгэхдээ оройн цагаар Эрхүүгийн телевизэд явагддаг байсан зураглаачийн ангид таван жил давхар дадлага хийсэн. Гэрэл зураг авах сонирхолтой байсан минь энэ мэргэжлийг хамт эзэмшихэд нөлөөлсөн байх. Надад найман мм-ийн хальстай камер өгч, дадлага хийлгэдэг байлаа. Тэр үеэс камер яаж барихаас эхлээд мэргэжлийн арга барилыг сурсан. 1975 онд сэтгүүлчээр төгсч, дипломоо гардчихаад Монгол руугаа явах гэж байтал их сургуулийн эрхлэгч намайг дахиад дуудуулдаг юм байна. Тэгэхээр нь гайхаад очтол “Та бол зураглаачийн мэргэжил давхар эзэмшсэн хүн мөн” гээд үнэмлэх гардуулдаг юм байна. Ингээд би нэг диплом, нэг үнэмлэхтэй болж гэртээ ирж байлаа. Тэр үед зарим хүүхэд сахилга бат, сурлагаасаа болж хөөгддөг байв. Харин би жирийн нэг оюутан байсан. Сэтгүүлчийн хичээл 15:00 цагаас тарна. Зураглаачийн дадлага 19:00 цагаас эхэлнэ. Миний амьдарч байсан оюутны байр дадлага хийдэг байсан телевизийн байр хоёр ойрхон байсан болохоор надад их давуу тал болсон доо.

-Төгсч ирээд л МҮОНРТ-д ажилд орсон уу?

-Тийм. Төгсөөд ирэхэд намайг Суртлын редакцад редактороор томилж, дөрвөн жилийн дараа хариуцлагатай редактороор ажлуулсан. 1985 онд телевизийн захирлаар ажиллаж байсан Ю.Эрдэнэтуяа намайг програмын хэлтсийн дарга болгосон. Тэр үед нэг л хэлтэстэй байсан юм. Дараа нь ерөнхий редактороор гурван жил ажилласан. Тэр үед сард 1000 төгрөгийн цалин авдаг байлаа. Их мөнгө шүү. Анх энэ байгууллагынхаа босгыг алхахдаа 650 төгрөгийн цалин авч байлаа.

-Захирал болсон он хэдэн билээ ...

-1989 онд Улс төрийн академид намайг сургасан юм. Хоёрдугаар курст буюу 1990 онд намайг сургуулийн захирал дуудав. Захирлаар Ерөнхий сайд асан Энхболдын аав Миеэгомбо гуай ажиллаж байсан юм. Захиралд дуудагдана гэдэг сайн зүйл биш байлаа. Ангийн хүүхдүүд намайг “Ямар нэгэн хэрэг хийж” гэж бодсон юм билээ. Би ч яах вэ, захирлын өрөөнд ортол “Чамайг үүдэнд машин хүлээж байгаа. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал дуудуулсан” гэв. Тэр үед захиралаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуай ажиллаж байв. Ороод уулзтал “Чамайг телевизийн даргаар томилох гэж байна. Чи ямар бодолтой байна вэ” гэхээр нь “Би сургуулиа л төгсөх хэрэгтэй байна” гэсэн ч “За явж бай” гээд буцаалаа. Гэтэл маргааш нь Х.Цэвлээ гуай дахиж дуудуулж, “Машин очсон байгаа. Чиний тушаал ч гарсан. Одоо ирж ажлаа хий” гэсэн. Тэгээд л би хоёр дахь их сургуулийнхаа хоёрдугаар дамжааны оюутны ширээнээс телевизийн захирлаар томилогдож байлаа.

-Тэр үед ажлаа эхлүүлэхэд хэр бэлтгэгдсэн байсан бэ?

-1990 онд нийгэм маш хэцүү байсан шүү дээ. Улс төрийн жагсаал цуглаан, иргэдийн амьдрал ч чанга байсан. Миний эхлүүлсэн нэг гол ажил бол Зөвлөлтийн телевиз шиг болгоё гэж бодсон. Ингээд уран бүтээлчидтэйгээ ярилцаад гурван нэгдэл байгуулсан. Эдгээр гурван нэгдлээ бие даасан болгосон. Цалингийн, шагналын, томилолтын фондоо гурван нэгдэлдээ тэнцүү хувааж өгсөн. Тэрхүү төсвийг нэгдлийн дарга нар хэрхэн зарцуулахаа шийддэг байв. Нэг ёсондоо өмч хөрөнгийг нь өгсөн гэсэн үг. Гурван нэгдэл байгуулсны гол шалтгаан нь хэдийгээр нэгэн дээвэр дор ажил эрхэлж байгаа ч тус тусдаа нэгдэлтэй болчихлоор өрсөлдөөн бий болж, ажлын бүтээмж сайжирсан. Нэгдлийн нэр нь “Гал”, “Марал”, “Цацал”. Гурван нэгдэл тэгж бий болсноор өнөөдөр манай улсад олон телевиз бий болох эхлэл тавигдсан байж ч болох юм.

-“ТВ25” телевиз удалгүй байгуулагдсан даа ...

-Тийм. Тэр үед дээрх телевизийг үүсгэн байгуулсан З.Алтай дарга ч миний уг ажлыг эсэргүүцэж байсан. Учир нь нэг мэдээнд гурван нэгдэл тус тусдаа машинтай очиж, өөр өөрийнхөөрөө мэдээ бэлтгэхээр “Нэг мэдээнд зэрэг зэрэг унаа гаргаж, зардал нэмлээ” гээд. Ингээд бид бүгдээрээ огцорсон. Тухайн үед радиогийн даргаар М.Шийрэв ажилладаг байлаа. Гурван нэгдэл маань ч тарсан. Уг нь тэгж мэдээ бэлтгэхээр уран бүтээлчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, сайн тал их болсон л доо.  

-Одоо таны харж буйгаар телевизийн салбарыг илүү өрсөлдөөнтэй болгохын тулд яавал зүгээр гэж бодож байна вэ?

-Энэ олон телевизийн алийг нь үзэгчид илүү сонирхож байна вэ, ямар нэвтрүүлэг, мэдээ нь таалагдаж байна вэ гэдгийг албан ёсоор судлах хэрэгтэй. Тэгээд тэдгээр сайн мэдээлэл түгээдэг телевизийг улсаас дэмжиж санхүүжүүлбэл илүү өрсөлдөөнтэй болно. Сайхан үзэлттэй телевиз улам бий болно.   

-Таныг ажиллаж байх үед техник, тоног төхөөрөмж, машины хүртээмж хэр байсан бэ?

-Тун хэцүү. Би оюутан байхдаа найман мм-ийн хальстай камераар зураг авдаг байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Тэгвэл манай телевиз 16 мм-ийн хальстай камер хэрэглэдэг байсан. Хөдөө явж ажиллах гэхээр машины хүртээмж муу. Хотод заримдаа нийтийн унаагаар явж сурвалжлагаа хийдэг байлаа шүү дээ.

-Нийт хэдэн ажилтантай байсан бэ?

-Зөвхөн телевизийн хувьд 170 гаруй байсан. Радио тусдаа.

-Та телевиздээ хэдэн он хүртэл ажилласан бэ?

-1975-аас 1992 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 1992 онд Дорнод аймагтаа нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Ингээд 1996-2000 онд хүртэл телевиздээ буцаж ирж ажиллаж байтал МАХН-аас УИХ-ын даргаар ажиллаж байсан Л.Энэбиш агсан намайг “Чи намдаа ирж ажилла. Удахгүй сонгууль болох гэж байхад” гэдэг юм. Тэгэхээр нь “Би телевизэд ажиллаж байгаа шүү дээ” гэтэл “Хаяад хүрээд ир” гээд МАХН-д бүх сурталчилгааг нь хийж, дөрвөн жил гаруй хугацаанд ажилласан. Тэр үед “Сэтгүүлч хүн аль нэг намыг дагаж болохгүй юм байна” гэдгийг ойлгож, “Би ерөөсөө чөлөөт уран бүтээлч болмоор байна. Намаасаа гарлаа” гэхэд уг намын даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Та студитэй бол. Бид танд байгуулж өгье” гээд 2003 онд “Мөнхтэнгэр” нэртэй студиэ байгуулалцсан. Харин намаас 2004 онд гарсан.

-Телевизэд таны санаачлан гаргасан ямар нэвтрүүлгийг үзэгчид илүү их үзэх сонирхолтой байсан бэ?

-Нийслэл хотыг маш олон машинтай болгож харуулах санаатай Төв шуудангийн урд талын замыг цагдаагаар хаалгаж зогсоож зураг авч байв. Гэтэл тэр замын цагдаа “Ах аа улаан номертой машин явж байвал би харин зогсоож чадахгүй шүү. Тэд нар дандаа сайд, дарга нар явж байдаг юм” гэхээр нь би “Тэр хүмүүс яахаараа тийм их эрх мэдэлтэй байдаг юм” гэж бодоод найруулагч Цагаантайгаа хамтарч 1983 оны намар “Асуулт, хариулт” гэдэг нэвтрүүлэг хийж эхэлсэн. Анхны нэвтрүүлэгт Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Эрүүлийг Хамгаалах Яамны Сайд Д.Ням-Осор агсан оролцсон. Уг нэвтрүүлэгт оролцсон дарга нар салбар бүртээ болж бүтэхгүй байгаа асуудлыг газар дээр нь шийдчихсэн байлаа. Үзэгчид ч “Гол асуудлууд ийм байна” гээд олон захидал ирүүлсэн. Үзэгчдэд их хүрсэн шүү. Одоо ч би зураглаачаа хийж, зохиолоо бичээд нэвтрүүлэг хийгээд явж байна. Телевизийн ажил ч сайхан даа.

-Ярилцсанд баярлалаа.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Төрмандах: Сэтгүүлч хүн аль нэг намын харьяанд байж болохгүй  
Үзсэн: 1750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй