Шууд Chart

Йенс Столтенберг: Финланд Швед улсуудыг байгууллагадаа элсүүлэх үйл явцад саад учрахгүй...

2022-05-16 14:49:08

Турк улсын зүгээс зарим нэг эсрэг байр суурь илэрхийлж байгаа боловч Финланд Швед улсуудыг байгууллагадаа элсүүлэх үйл явцад саад учрахгүй гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.

Шинээр хоёр гишүүн улсыг Умард Атлантын эвсэлд нэгтгэх асуудалд Анкара хориг тавих санаагүй, үүнийгээ тодорхой ойлгуулсан гэж Столтенберг Берлинд болсон НАТО-гийн орнуудын Гадаад яамны сайд нарын уулзалтын төгсгөлд ням гарагт мэдэгджээ.

“Турк улсын болгоомжлолын тухайд, үүнээс болж үйл явц удаашрахгүй байхуйц хариултыг бид өгч чадна гэж итгэж байна” гэж Столтенберг хэлсэн байна. Өмнө нь Турк улсын удирдлагуудын зүгээс, тавьж байгаа тодорхой нөхцөлүүдийг нь биелүүлэх нөхцөлд Анкара Швед, Финланд улсуудыг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрч болно гэж мэдэгдэж байсан юм.  Энэ нь эвслийн гишүүн бүх улс эцсийн байдлаар нэгдсэн байр суурьт хүрч чадсан эсэх тухайд эргэлзээ үүсгээд байжээ.

НАТО-гийн гадаад яамны сайд нарын уулзалтын төгсгөлд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен бас, шинэ гишүүд элсүүлэх асуудлаар НАТО-д зөвшилцөл бүрдэнэ гэж итгэж байгаагаа мэдэгджээ. НАТО-гийн гишүүн 30 улсын Гадаад яамны сайд нар Украинд цаашид үзүүлэх тусламж дэмжлэгийн асуудал, Финланд, Швед болон бусад улсыг НАТО-д элсүүлэх асуудлыг хэлэлцсэн уулзалтаараа авч хэлэлцжээ.

Финландын засгийн газар ням гарагт НАТО-д элсэх шийдвэрээ зарласан, парламент нь энэ долоо хоногтоо багтан шийдвэрээ батлах төлөвтэй байна. Швед улс мөн тус эвсэлд нэгдэх алхмуудыг хэдийнээ хийж ойрын үед өргөдлөө гаргах гэж байгаа. Энэ хоёр улс, өнгөрөгч 2 дугаар сард Орос улс Украинд өргөн хүрээтэй цэргийн довтолгоо явуулсны дараагаас Умард Атлантын гэрээний байгууллагад элсэх  асуудлыг хөндөж тавьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Йенс Столтенберг: Финланд Швед улсуудыг байгууллагадаа элсүүлэх үйл явцад саад учрахгүй...  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй