Шууд Chart

Л.Наранзул: Захиалагч нар маань шар шувууг хамгийн их зуруулдаг

2023-01-04 15:29:15

Ахуйн гоёл чимэглэлээр дагнан уран бүтээл туурвидаг, зураач Лхагвасүрэнгийн Наранзултай ярилцлаа. Тэрбээр мэргэжлийн зураач биш ч гэлээ өдгөө олон арван захиалагчтай болжээ. Түүний бүтээлүүдийг сонирхвол тэмээн жин, шар шувуу үлгэрийн баатар зэрэг байх. Ихэвчлэн билэгдэл агуулсан нь анхаарал татаж байлаа.  

-Таны бүтээлүүдийг харахад ихэвчлэн шар шувуу зурсан байх юм. Энэ амьтныг ингэж их зурах болсон шалтгаан юу вэ?

-Захиалагч нарт хамгийн их хүрсэн болохоор зурах шалтгаан болсон. Гэр бүлээрээ зуруулахыг хүсдэг. Яг л гэр бүлийн зураг шиг.

-Юуг билэгддэг юм бол ...

-Олон улс үндэстэн шар шувууг шүтэж дээдэлдэг. Айлд байх ёстой бэлэгдлүүдийн нэг гэж үздэг. Эрт дээр үед Монголчууд муу муухай зүйлс гэрт орохоос сэргийлж, энэхүү шувууны өдийг өлгөдөг байсан түүхтэй. Үндсэндээ гол гурван бэлэгдэлтэй. Тодруулбал, муу муухай зүйлс, сөрөг энерги, хулгай орохоос хамгаалдаг. Шөнө маш сайн хардаг шөнийн амьдралтай учир харуй бүрийд гарах эрсдлээс ч хамгаалдаг гэж үздэг. Мөн айлд эд баялаг мөнгө дууддаг. Мөнгөний модны хажууд шар шувууны баримал маш сайн зохицол болдог. Учир нь энэхүү ухаантай шувуу таны мөнгийг бодлоггүй зарлагаас хамгаална. Гэрийнхээ зүүн урд зүгт байрлуулвал таны мөнгө гэрлийн хурдаар өсөх болно. Оюун ухаан эрдэм номын бэлгэдэл ч гэж тахьдаг. Хүүхдийн болон унтлагын өрөөнд, хичээлийн ширээн дээр байх ёстой зүйлийн нэг бол шар шувууны баримал юм.

-Түүнчлэн таны бүтээлүүдээс ахуйн зураг ч харагдсан. Өөрийн зохиомж уу эсвэл харж зурсан уу?

-Цэцэг болон тэмээн жингийн цувааны зураг бол зохиомж. Харин байгалийн зургаа харж зурсан. Ер нь энэ төрлийн зураг зурах дуртай.

-Өөрөө мэргэжлийн зураач биш гэсэн. Гэхдээ зураг зурах нь танд ямар мэдрэмж өгдөг вэ?

-Анхаарлаа гүн төвлөрүүлж бясалгах, тайвшрах байдлыг мэдэрдэг. Захиалагч нар маань ч зургаа авахдаа уулга алдан баярлах нь надад маш баяр баясал, эрч хүч өгдөг. Одоогоор би ихэвчлэн захиалгийн зураг л зурж байна. Захиалагч нарынхаа сэтгэлд хүртэл зурахыг хичээж уран бүтээлээ туурвиж байна даа.  

-Нууц биш бол ямар өртгөөр зурдаг вэ. Захиалгаа хэрхэн авдаг вэ?

-Өөрийн хөтөлдөг “Zul's Little Gallerei” пэйж хуудсаараа захиалагч нартайгаа холбогдож захиалгаа авдаг. Дээрх пэйждээ оруулсан зургуудаас зарим нь худалдан авдаг. Хэмжээ болон зургийн ажиллагаанаас хамаарч үнэ нь янз бүр байдаг.

-Таны үндсэн мэргэжил  юу вэ. Яагаад зураг зурах болсон юм бэ?

-Миний үндсэн мэргэжил архитектор. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахын хажуугаар сонирхлоороо зурдаг байсан. Төд удалгүй хувийн урлантай болж сонирхлоо улам баяжуулж, чөлөөт уран бүтээлч болсон. Манай урлан баруун дөрвөн замд байрлах МҮЭХ-ны байранд байдаг. Би тав дахь жилдээ зурж байна.

-Шүлэгнээс санаа авч зурж байсан тохиолдол бий юу. Нэг зураач надтай уулзахдаа "Яруу найргаас санаа авч зурсан" гээд нэг зураг үзүүлж байлаа ...

-Үгүй ээ. Надад тийм тохиолдол байхгүй.  

-Сонирхолтой тохиолдлоор бүтэж байсан зураг бий юу?

-Найзуудтайгаа уулзаж ярилцаж, хөгжилдөж байхдаа нэг найзынхаа хүсэлтээр өөрийг нь харж байгаад зурсан юм. Бусад найзуудад ч их таалагдсан учир хөрөг зураг “оролддог” болсон доо. Одоо захиалгаар хөрөг зураг зурж байгаа.

-Хамгийн их ажиллагаа шаардагдсан зураг аль нь вэ?

-Ер нь бүх зураг ажиллагаа ихтэй. Ялангуяа шинэ, содон санаагаар сэдэвлэсэн болон өмнө нь зурж байгаагүй захиалга бүр илүү ажиллагаа, цаг хугацаа шаарддаг.

-Танай гэр бүлд гарын уртай хүн байдаг уу. Энэ авьяасаа хаанаас өвлөсөн бэ?

-Манай аав ээжийн аль ч талд гарын ур дүйтэй, зурдаг, урлагийн хүн байхгүй ээ. Би багаасаа гар урлал сонирхож, гоёл чимэглэл хийдэг байсан юм. Ямар ч хүн чадахгүй зүйлээ зуун удаа давтан хийвэл дадлагажиж, мянган удаа хийвэл гартаа оруулдаг гэдэг шүү дээ.

-Өөрийн тань бүтээлүүд ямар төрөлд хамаарагддаг вэ. Уран зураг, модернист гэх мэт байдаг шүү дээ?

-Уран зураг, модернист бол биш ээ. Энэ хоёр төрлийг сонсоход надад тэнгэр шиг хол санагдаж байна. Би ахуйн гоёл чимэглэл тал руу хандсан уран бүтээл туурвидаг. Айл гэр болон цэцэрлэг сургуулийн хана дээр билэгдэл агуулсан тэмээн жин, шар шувуу, үлгэрийн баатар гэх мэт захиалагч нарынхаа хүссэн зургийг зурдаг.

-Дээрх бүтээлүүдээсээ тэс өөр өнгө аястай зураг зурахыг боддог уу. Өөрийгөө сорьсон ...

-Мэдээж бодно л доо. Хүн бүхний хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Гол нь дэвшүүлсэн санаагаа эргэлт буцалтгүйгээр барьж авч суухгүй бол олон захиалгийн хажуугаар орхигдох, мартагдах талтай байдаг. Яваандаа бурхан зурж үзэх бодолтой байгаа.

-Таны бодол биелэлээ олох болтугай. Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Наранзул: Захиалагч нар маань шар шувууг хамгийн их зуруулдаг   
Үзсэн: 2908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Д.Оюунтуяа [127.0.0.xxx] 2023-01-05 10:34
Мундаг дүүдээ амжилт хүсэе.
Fan [127.0.0.xxx] 2023-01-04 16:38
Амжилт
Gurwan hvsel [127.0.0.xxx] 2023-01-05 07:31
Amjilt hvsie

Бидэнтэй нэгдээрэй