Шууд Chart

“Солонгон Морьд: Надад хэлэх үг байна” төслийн үзэсгэлэн нээгджээ

2023-01-26 14:48:12

Монголын урлагийн зөвлөл нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилгоор 2002 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ.

Тус зөвлөл Урлагийн хөтөлбөрийн хүрээнд анх 2005 онд Австралийн залуу элчин сайд хөтөлбөрийн оролцогч Таня Буркхардын санаачилгаар “Солонгон морьд” урлагийн боловсролын төслийг хүүхэд багачууд болон уран бүтээлчидтэй хамтран хот болон орон нутагт хэрэгжүүлж байсан түүхтэй.

Уг төсөлд тулгуурлан “Солонгон Морьд: Надад хэлэх үг байна” төслийг МУЗ нь Австралийн Сайн дурынхан - Нөлөөллийн сан (Australian Volunteers Impact Fund)-ын санхүүжилттэйгээр дахин шинэчлэн 2022 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

"Надад хэлэх үг байна" төсөл нь урлагийн сэтгэл заслаар дамжуулан нийгмийн үйл ажиллагаанаас тусгаарлагдсан тодорхой бүлгийн нийгэм дэх оролцоог дэмжих, төслийн оролцогчдын дуу хоолойг “Солонгон морьд”-оор дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой бөгөөд төслийн үр дүн болох оролцогчдын бүтээлийг олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.

Уг төсөлд ЭХЭМҮТ- ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасаг; Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв; Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагуудын удаан хугацаанд эмчлүүлж байгаа эмчлүүлэгчид болон хүүхдүүдийн дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэхийг зорьсон бөгөөд төслийн оролцогчид урлагийн сэтгэл засалчийн зааварчилгаагаар морины баримал ашиглан өөрсдийн түүхээ бүтээсэн болно.

 Урлаг бол хүний үгээр илэрхийлэх боломжгүй өөрийн дотоод ертөнц, үзэл бодлыг бүтээлч аргаар илэрхийлэхэд туслахаас гадна бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжийг олгодог хүчтэй зэвсэг юм.

Иймд урлагаар дамжуулан төслийн оролцогчдын дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлсэн бүтээл бүхий тайлан үзэсгэлэнг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр 18:00 цагт МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд нээлтээ хийн энэ сарын 31-нийг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Солонгон Морьд: Надад хэлэх үг байна” төслийн үзэсгэлэн нээгджээ   
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй