Шууд Chart

Соёл төлөвшүүлэх загвар төсөл

2023-01-28 09:23:47

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын тээвэрлэлтийн үйлчилгээг сайжруулахаар Швейцар Улсын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороонд загвар төслийг хэрэгжүүлж буй аж. Ингэхдээ эдгээр хорооны 1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьж, ангилсан хогийг тээвэрлэх тусгай зориулалтын хоёр машинаар тээвэрлэж, боловсруулах үйлдвэрт тушааж байна. Үүний зэрэгцээ хог хаягдлын ангилал, ялгах аргын талаарх мэдээллийг иргэдэд түгээх, ач холбогдлыг нь таниулах чиглэлд цөөнгүй ажил хийж, соёл төлөвшүүлэхийг зорьж буй.

“Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн менежер Б.Дэлгэрбаяр “Хог хаягдлын зөв менежментэд ангилан ялгалт маш чухал. Тиймээс айл өрхүүдэд хог хаягдлаа ангилах, тушаах соёлыг төлөвшүүлэхээс бүх зүйл эхэлнэ. Төсөл хэрэгжсэн сүүлийн зургаан сарын хугацаанд л гэхэд 10 тонн гаруй ангилсан хог хаягдал хүлээн авч, дахин боловсруулах үйлдвэрт тушаасан байна. Төслийн хүрээнд мөн “Эерэг давлагаа” нэртэй дахивар хүлээн авах байгууламжийг дөрвөн дүүргийн дөрвөн хороонд байрлуулсан. Иргэд энд дахивар хог хаягдлаа авчирч тушаагаад мөнгө авах, автобусны картаа цэнэглэх, эсвэл дахивраар хийсэн бүтээгдэхүүн авах боломжтой. Мөн цусны даралтаа хэмжүүлэх, биеийн жингээ үзэх, үнэ төлбөргүй интернэт ашиглаж ч болно” хэмээв.

Гэр хорооллын дэд бүтэц муутай газар, эсвэл гуу жалганд хүмүүс хогоо ил задгай асгах, ингэснээр хогийн цэг үүсэх явдал цөөнгүй гардаг. Энэ асуудлыг цэгцлэх нэгэн шийдлийг төслийн хүрээнд мөн хэрэгжүүлжээ. Хогоо ил задгай, зориулалтын бус газар хаяж, асгаж буй зөрчлийг илрүүлэхээр ямар нэгэн дэд бүтцэд холбох шаардлагагүй, нарны эрчим хүчээр ажилладаг хяналтын камерыг 33 байршилд суурилуулсан нь үр дүнгээ өгч байна. Эдгээр камерт үлдсэн бичлэгээс зөрчил гаргасан хүмүүсийг олох, анхааруулах зэрэг арга хэмжээ авснаар 16 байршилд ил задгай хог хаядаг нь зогсжээ. 


Соёл төлөвшүүлэх загвар төсөл  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй