Шууд Chart

Хог тээврийн байгууллагуудад парк шинэчлэл хийхийг хүслээ

2023-02-01 08:28:28

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны дарга М.Баяраа өчигдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Дүүргүүд дэх бүтээн байгуулалтын төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг давхцуулахгүйн тулд энэ онд төлөвлөж буй ажлын талаар нэгдсэн ойлголттой болох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж буй юм.

Баянзүрх дүүргийн удирдлагуудын хувьд мал нядалгааны цэгийн эргэн тойронд үүссэн асуудал болон хориглосон бүсээс мал гаргах ажилд УБЗАА-наас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг буулгах, золбин нохой, муурын тоо толгойг хязгаарлах, хог хаягдлын хураамжийг шинэчлэн тогтоох, хог тээврийн байгууллагуудад автомашины парк шинэчлэл хийх, ногоон байгууламжийн арчлалт зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ.

Харин тус дүүргийн хороодын Засаг дарга нарын тухайд аккумлятор, моторын тос гэх мэт аюултай хог хаягдлыг устгах, гэр хорооллын дахин төлөвлөлт, далангийн асуудалд анхаарах болон суурьшлын бүс тэлж буйтай холбоотойгоор автобусны чиглэлийг алслагдсан бүсүүд рүү сунгах, автобусны тоог нэмэгдүүлэх зэрэг хүсэлтээ уламжлав.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дүүргийн албан хаагчдын асуултад хариулж, “Санал, хүсэлтийг хүлээн авч, бүх талаар дэмжиж ажиллана. Мөн УБЗАА-ны чиг үүргийн бус асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжлах болно” хэмээсэн юм.


Хог тээврийн байгууллагуудад парк шинэчлэл хийхийг хүслээ  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй