Шууд Chart

Ногоон байгууламжийн арчилгааг 130 гаруй га талбайд хийнэ

2023-03-31 14:03:45

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хийж, хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Тэгвэл өнөөдөр инженерийн байгууламж, ногоон байгууламжийн арчилгаа болон цэвэрлэгээний аяны талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хот тохижилтын газар 48 байршлын 46 га, аж ахуйн нэгж, байгууллагууд 88 байршлын 89 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийнэ. Есөн дүүргийн ногоон байгууламжийн арчилгааны 25 багц ажлын сонгон шалгаруулалтыг зарласан. Ногоон байгууламжийн арчилгааны ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, есөн дүүргийн ОНӨААТҮГ, хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нийт 400-450 цэцэрлэгчин хийж байна. Олон улсын жишигт нэг цэцэрлэгчид ногдох талбайн хэмжээ 0.2 га газар байдаг. Цаашид энэ хэмжээнд хүргэхэд анхаарч ажиллах бөгөөд одоо арчилж байгаа талбайн хэмжээтэй уялдуулахад 650-700 цэцэрлэгчин шаардлагатай байна. Ногоон байгууламжийн арчилгааг дөрвөөс арваннэгдүгээр сард хийж байгаа. Цаашид ногоон байгууламжийн арчилгааг өвлийн улиралд хийх, мэргэшсэн ажилчдыг тогтвортой ажиллуулах, байнгын ажлын байраар хангах шаардлага тулгарч байна” хэмээв.

Нийслэлийн 414.2 мянган өрхийн 50.2 хувь нь 16.5 мянга орчим га талбайг хамарсан гэр хорооллын бүсэд амьдарч буй. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо чухал. 2016-2022 оны хооронд Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.4 ам метрээс 5.1 ам метрт хүрсэн. Хэдийгээр хот богино хугацаанд ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн ч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишигт хүргэх шаардлагатай байгаа юм. Иймээс УБЗАА-наас гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэд өөрсдийн хөрөнгөөр хашаандаа мод сөөг тарьж ургуулахад олгох мөнгөн урамшууллын журмын төслийг боловсруулаад байна.

 


Ногоон байгууламжийн арчилгааг 130 гаруй га талбайд хийнэ  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй