Шууд Chart

ЗГ: Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгов

2023-05-17 14:32:23

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 17-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгов. 

Соёлын тухай хуулийн дагуу орон нутагт ажиллаж буй соёлын салбарын ажилтан, албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

2023 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Манай улсад өнөөдрийн байдлаар орон нутгийн өмчийн соёлын 432 байгууллагад 4470 албан хаагч ажиллаж байна. Тус журмаар эдгээр албан хаагчийн 70 хувь нь мөнгөн тэтгэмж авна.

Соёлын салбарын ажилтан албан хаагчдын цалин хөлс бусад төрийн үйлчилгээний салбараас бага /эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан болон мэргэжлийн боловсролын салбарын цалингийн дундажтай харьцуулахад 12 хувиар доогуур/, нийгмийн хамгааллын механизм сул байгаагаас мэдлэг, ур чадвар, туршлагатай мэргэжлийн ажилтнуудын орон нутгийн өмчийн соёлын байгууллагад ажиллах сонирхол буурч, ажлын байраа орхин бусад салбарт шилжих нь нэмэгдсээр байна. Жишээлбэл, соёлын төвийн хөгжмийн багш нар ерөнхий боловсролын сургууль руу шилжиж байгаа бол орон нутгийн өмчийн 24 музейн 325 ажилтнаас 2019-2021 онд 78 ажилтан дээрх шалтгааны улмаас ажлын байраа орхиж, өөр салбарт шилжсэн судалгаа гарчээ.

Төрийн албан хаагчдын цалингийн зөрөөтэй байдлыг арилгах, соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд үүрэг болголоо.

“Соёлын яам салбарын ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, БСШУС-ын байнгын хороонд удаа дараа хүргүүлээд байна.

Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин энэ ондоо багтаад үе шаттай нэмэгдэнэ” гэж Соёлын сайд Ч.Номин ярилаа.


ЗГ: Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгов  
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй