Шууд Chart

Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно

2023-05-25 17:00:06

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган болж байна.

Тус чуулганд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” зэрэг 37 компанийн удирдлага, инженер техникийн 400 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна.

Өнгөрсөн оноос эхлэн “Эрдэнэс Монгол” ХХК-д дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Энэ хүрээнд тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нээгджээ. Цаашид тус компанид бий болсон засаглалын сайн жишгийг төрийн өмчит бусад компаниудад бий болгохоор Засгийн газар ажиллаж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ төр хувийн хэвшил, бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй. Хувийн хэвшил, төрийн бус байгууллага гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг төр хийхгүй байх зарчмыг баримталж байгааг дурдлаа.

Мөн төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцлоод эдгээр компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог байх тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ.

“Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндрөөр үнэлэгдэж ирсэн” гэдгийг дурдав. Цаашид “Төрийн өмчит компаниудад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг шинэчлэлийг нэгдсэн байдлаар хийнэ. Мөн төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд үнэлгээний журмыг шинэчилнэ” гэлээ.


Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэд олон түмэн [127.0.0.xxx] 2023-05-25 17:28
ТУЗ-ийн гишүүдийг бус төрд хэн хэн ажиллахыг улс төрийн нам бус иргэд өөрсдөө шилэж сонгож ажиллуулдаг болсон цагт л шудрага ёс жинхэнээрээ тогтох байхдаа

Бидэнтэй нэгдээрэй