Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсын эмэгтэйчүүдийн их сургуульд зочлов

2023-05-27 09:31:38

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын эмэгтэйчүүдийн “Гүнж Нура Бинт Абдулрахманы Их Сургууль”-д тавдугаар сарын 25-ны өдөр зочилж, тус их сургуулийн удирдлагатай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Эмэгтэйчүүдийн Их сургуулийн Ерөнхийлөгч, Төрийн сайд хатагтай Инас бинт Сулейман Аль-Иса их сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулж, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэл хийв.

Сайд Б.Батцэцэг хоёр улсын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд монгол оюутнуудыг, тэр дундаа эмэгтэйчүүдийг Саудын Арабын Хаант Улсад нарийн мэргэжлээр урт болон богино хугацааны сургалтуудад хамруулах, чингэхдээ тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгааг тэмдэглэв.

Хоёр улсын их, дээд сургуулиуд хооронд шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлэх, тухайлбал Гүнж Нура Бинт Абдулрахманы Их Сургуулийг МУИС, АУИС, ШУТИС зэрэг манай их, дээд сургуулиудтай холбож, хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгуулахаар тохиролцов.

Гүнж Нура Бинт Абдулрахманы Их Сургуулийн Ерөнхийлөгч Инас бинт Сулейман Аль-Иса Сайд Б.Батцэцэгийг Саудын Арабын Хаант Улсад айлчлан ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.

Гүнж Нура Бинт Абдулрахманы Их Сургууль нь Саудын Арабын Хаант Улсын нийслэл Эр-Рияд хотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дэлхийн эмэгтэйчүүдийн хамгийн том их сургууль юм.

Их сургууль дэлхийн 60 гаруй орны их, дээд сургуулиудтай харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд сургалтандаа орчин үеиийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашигладаг. Тус их сургуульд гадаад, дотоодын 30 гаруй мянган оюутан суралцдаг аж.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсын эмэгтэйчүүдийн их сургуульд зочлов  
Үзсэн: 453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй