Шууд Chart

УИХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2023-05-31 09:22:25

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Засгийн газрын өрийн нийт хэмжээг хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн болон төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүдийн холбогдох тооцоог бодит байдалд үндэслэж тооцоолон гаргаж, мэдээлж байх талаар асуулт асууж, тодруулга авсан байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Оюутолгойн далд уурхайн олборлолт, зэсийн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж байгаа тул орлогын тооцооллыг бодитой нягтлах, мөн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэн тэгшитгэх арга хэмжээг авах, цаашид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөж 2024 оны төсвийн төсөлд одоо батлагдах төсвийн хүрээний мэдэгдлийн тооцооллыг хатуу мөрдөж ажиллахыг онцгой анхаарах саналыг хэлсэн байна.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Төсвийн хүрээний мэдэгдэл дэх тооцоололд Монгол Улсад байгаа боломжуудаа бүрэн дайчилж, төлөвлөхгүй байгаа талаар шүүмжилж, өнгөрсөн 2021, 2022 оны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг харьцуулсан мэдээллийг дурдсан юм. Монгол Улсын хувьд байгалийн баялгаа зөв менежментээр ашиглаж чадвал өндөр үр дүнд хүрэх, орлогыг бүрэн дайчилж бүтээн байгуулалтууд хийх боломжийг ашиглахтай холбоотой санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсгээс хариулахдаа, төсөлд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь хэмээн тооцсон. ДНБ 65.4 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон бөгөөд энэ тооцооллыг 2022, 2023 оны гүйцэтгэл дээр суурилж тооцсон байна. 2022 онд 46.5 их наяд төгрөг хэмээн батлуулсан бол гүйцэтгэлээрээ 52.8 их наяд төгрөг буюу 6 их наяд төгрөгийн өсөлттэй байсан аж. 2023 оны төсвийг батлуулахдаа 56 их наяд төгрөгөөр тооцсон, үүнд суурилан ирэх онд ДНБ 10 орчим их наяд төгрөгөөр тэлж 65 их наяд төгрөгт хүрэх боломжтой хэмээн тооцоолж, төсөлд тусгасан байна. 2023 онд нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн гэдгийг ажлын хэсгээс онцлоод ирэх онд энэ үзүүлэлтийг ахиулах, ханшийн нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлж чадвал бодит өсөлт болох боломжтой гэдэг тооцооллыг хийснээ тайлбарласан. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг төлөвлөхдөө гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан тооцсон байна.

Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


УИХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй