Шууд Chart

УИХ: Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг батлав

2023-05-31 17:08:01

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэг, 42 дугаар зүйлд заасан журмын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураасан бол хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 2 санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн байна.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл дэх “мажоритар” гэдгийг олныг төлөөлөх гэж, “пропорционал” гэдгийг хувь тэнцүүлэн хуваарилах гэж нэг мөр ойлгож, хэрэглэх талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулсан болохыг санал, дүгнэлтэд дурдав.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарыг саналын томьёоллын хамт бэлтгэБайнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ш.Раднаасэд, О.Цогтгэрэл, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж тодруулсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хариулт өгсөн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг баталсанд Улсын Их Хурлын нийт гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй энэ өөрчлөлтөөр Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны суурь реформ эхэлж байгаа гэдгийг тэмдэглэн хэлсэн. Түүнчлэн  Улсын Их Хурлын нэг  гишүүнд ногддог эрх мэдлийн төвлөрлийг үгүй болж, парламентын шийдвэр чанартай, бодитой болох нөхцөл бүрдсэн хэмээлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах нь Улсын Их Хурлын нийт гишүүдээс эр зориг шаардсан, нөгөөтээгүүр ирээдүй, алсаа харсан шийдвэр байсныг цохов. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар жендерийн том дэвшил гарч, жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу шилжиж,  нийгмийн бүлгүүд рүү хандсан чухал өөрчлөлтүүд гарна хэмээн Ерөнхий сайд хэлсэн юм. Мөн гадаадад байгаа монголчуудын төлөөлөл парламентын сонгуульд оролцох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогдох эрхээ эдлэх, улс төрийн намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг болох, улс төрийн намуудад бодитой, шударга өрсөлдөөний үүд хаалгыг нээж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байв.

Дараа нь хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний 98.5 хувь нь дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж заасны дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд 90.9 хувийн саналаар дэмжиж, баталлаа.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


УИХ: Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг батлав   
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй