Шууд Chart

Эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалт бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

2023-06-06 12:37:21

Засгийн газраас 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. “Алсын алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, аймаг орон нутагт үйлдвэрлэл технологийн парк байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгох, цаашлаад хот суурин газарт шинэ суурьшлын бүсүүдийг бий болгоход эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж, хуучин хүчин чадлыг өргөтгөх, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар нэмэгдэж, салбар системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглахын зэрэгцээ импортын эрчим хүчний дэмжлэгтэйгээр өвлийн оргил ачааллыг давж байгаа гэдгийг сайд танилцуулав. “Шинэ сэргэлтийн бодлого”-д хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 450 мегаватт хүчин чадал бүхий “Таван толгой” цахилгаан станц, 400 мегаватт хүчин чадал бүхий Багануурын цахилгаан станц,  300 мегаватт хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барьж байгуулах, Дулааны III цахилгаан станцыг 300 мегаваттаар өргөтгөх төслүүдийг төлөвлөсөн байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 2015 оны Парисын хэлэлцээрээс дагуу олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нүүрсний эрчим хүчний эх үүсвэрт зориулсан санхүүжилт хумигдажээ. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хилийн чанадад нүүрсний эрчим хүчний шинэ эх үүсвэр барих санхүүжүүлэхээс татгалзах бодлогыг 2021 оны есдүгээр сард илэрхийлсэн байна. Монгол Улс эрчим хүчний анхдагч нөөц баялагтаа тулгуурлан суурь ачааллын горимд ажиллах том чадлын дулааны цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай боловч санхүүгийн эх үүсвэрийн хязгаарлалт, олон улсын худалдаа, бизнес, тулгарч буй цар тахлын нөлөө, үнийн өсөлт зэргээс шалтгаан эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй болсныг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан.

Иймд нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станц барих болон өргөтгөх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндсэн тоног төхөөрөмжийг импортоор худалдаж авах, дотоодод үйлдвэрлэхэд тодорхой хугацаанд татварын дэмжлэг үзүүлэх хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөх тухай заалт нэмэхээр тусгасан байна. Хуулийн төсөл нь 2 зүйлтэй байхаар, хуулийн дагаж мөрдөх үйлчлэх хугацааг 2029 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тусгажээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор асуулт асууж, хариулт авав. Тэрбээр төслийн зохицуулалтад уурын зуух барих асуудал хамаарах эсэхийг лавлаад, хамаарах тохиолдолд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өмнө нь хийгдэж байсан ажлуудтай зөрчилдөж байгааг хэллээ. Түүнчлэн эрчим хүчний салбарт үнэ, тарифын зохистой бодлого, зөв менежментийг хэрэгжүүлэх суурь шаардлагын талаар хэлж, холбогдох тоо баримтуудыг дурдав. Эрчим хүчний үнийг хэтдээ либералчлах шаардлагатай гэдгийг салбарын сайд хэлээд үнийг тухай бүр нэмэх боломжгүйг тайлбарласан. Салбар бүтээгдэхүүний үнээ зах зээлийн зарчимд нийцүүлээд өөрчилж болдог бол хуулийн төсөл дэх зохицуулалт шаардлагагүй. Гэхдээ эрчим хүчний салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулаад, ашиг хүртээд явах боломжгүй учраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг татварын хөнгөлөлтөөр дэмжих боломжтой хэмээн үзсэн гэдэг хариултыг өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсөл дэх хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар тус бүрд нь тодруулсан бол Б.Пүрэвдорж гишүүн төсөл дэх зохицуулалтад хамрагдах тоног төхөөрөмжийн кодчиллоо тодорхой болгох саналыг хэлсэн.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор үг хэлсний дараа санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 70 хувь нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан.

Нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станцуудын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төслийн бараа материал, тоног төхөөрөмжийг гаалийн татвар болон холбогдох бусад албан татвараас чөлөөлөх, хөнгөлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгцээ, шаардлага үүссэн байна. Дээрх татваруудаас тодорхой хугацаанд чөлөөлөх, хөнгөлөх нь эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд Монгол улс, Монгол улсын Засгийн газраас оруулах хувь нэмэрт тооцогдох бөгөөд хөрөнгө оруулагч нарт ихээхэн дэмжлэг болно гэж үзэж, төслийг боловсруулжээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд 38.1.21 дэх заалт нэмэхээр буюу Засгийн газраас энэ хуулийн 40.5-д заасны дагуу тогтоосон төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөхөөр, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаватаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэсэн зохицуулалтыг шинээр нэмэхээр тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд дээрх 2 заалт, хэсэг нэмсэнтэй холбоотой мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн дугаарыг “40.6” гэж, мөн хэсгийн “40.4-т” гэснийг “40.4, 40.5-д” гэж тус тус өөрчлөх юм байна.

Хуулийн дагаж мөрдөх үйлчлэх хугацааг цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 3-5 жил үргэлжлэхийг харгалзан 2029 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тооцсон байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Б.Чойжилсүрэн сайдаас дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн юм. Иймд энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалт бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй