Шууд Chart

ДУРСАМЖ ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД: “Нүгэл буян“ киноны Мядагмаагийн дүр залуу насыг минь мөнхөлсөн

2023-06-09 16:49:07

Монголын Радио телевизийн үе үеийн ахмадуудын ажил амьдралын нандин түүх, туулсан замнал, хийсэн бүтээсэн гайхамшгаас хойч үедээ үлдээнэ гэдэг их далайн гүнээс сувд эрдэнэ шүүрдэн тунгаах лугаа үнэ цэнтэй ажил юм. 1960, 70, 80-аад оны үед Монголын Радио телевиз дээр “Зохиолчдын бага хороо“ ажиллаж, Монголын авьяас билгийн сор болсон залуучууд Гандангийн дэнж, гэрэлт цамхгийн зүг хошуурч байсан юм билээ. Өнөөдрийн энэ л  ахмадууд маань гал дөлтэй залуу насыг туулж, түүхийг  бүтээж, туурвиж, хийж бүтээж явсны “Амьд“ гэрчүүд билээ. Үзэглэхийн, өгүүлэхийн учир ч энэ буюу.  
 
Буурал сор суусан богино  халимаг үс, нууцхан давхраатай усгал зөөлөн нүд, аядуу намуухан инээмсэглэл бүхий энэ эмэгтэйн дүр өчүүхэн надад төдийгүй монголын ард түмэнд дэндүү дотно байх биз. Энэ хүн бол Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг “Нүгэл буян“ кинонд залуу насаа мөнхөлсөн, Радио телевизийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, МҮОНТ-ийн ахмад ажилтан Доржийн Дуламсүрэн билээ.

-Монголын Кино урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх сор бүтээлүүдийн нэг, “Нүгэл буян“ киноны Мядагмаагийн дүрд сонгогдсон азтай тохиолоос яриагаа эхлэх үү?

-“Нүгэл буян“ кино чинь Гавьяат жүжигчин Бужгар агсан бид хоёрын дипломын ажил л даа. Бидний удирдагч багш, алдарт найруулагч Чимид–Осор гуай. Нэг өдөр хичээлээ хийж суутал Соёлын сайд Ч.Лодойдамба гуай  тэргүүтэй томчуул орж ирээд “Тэр охин маргааш кино үйлдвэр дээр очоорой“ гэж хэлсэн. Учрыг нь огт олоогүй миний бие өглөө очиход эртний нэг гоё малгай, дээл, гоё хувцас өмсгөөд бас Бужгартай харилцан ярилцаж байгаагаар зураг авсан. “Мотор“ гэнгүүт бид хоёр бэлдсэн зүйлээ ярьж эхэлсэн. Тэгээд бид хоёр киноны пробонд тэнцэж, энэ түүхэн киноны гол дүрд тоглох болсон.



-Та азтай хүн. Ардын жүжигчин, найруулагч Чимид-Осор, Ичинхорлоо, Цагааны Цэгмид, Гомбосүрэн, Рэнцэнноров гээд  Монголын киноны жинхэнэ “Од”-уудтай хамтарч тоглосон, тэдний шавь байсан гээд . . .

-Зохиол нь сайн, зохиолч нь мундаг, намайг хөтөлж, дэглэсэн найруулагч, жүжигчид нь бүр гайхалтай. Тэд түүх, нийгмийн байдал, хөгжил хөдөлгөөнийг бидний сэтгэл зүрхэнд буутал ярьдаг сан. Зохиолч нь Төрийн соёрхолт, зохиолч Д.Намдаг, найруулагч нь Ардын жүжигчин Чимид-Осор багш, зураглаач нь ЗХУ-д Кино урлагийн дээд сургуулийг төгсөж ирсэн Цэнджав гээд “дөнгөж зүүнээс гарсан“ шинэхэн кадр, зураачаар нь киноны нэрт зураач Т.Гоош, хөгжмийн зохиолчоор Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Лувсаншарав гуай ажилласан гээд бодохоор урлаг соёлын жинхэнэ оргилууд  “Нүгэл буян“ кинонд цуглаж ажилласан юм.

-Зураг авалтын үеийн сонирхолтой дурсамжаасаа хуваалцаач?

-Толгойгоо угааж байгаа нэг хэсэг бий. Найруулагч маань “Гэртээ ганцаараа байгаа хүн чинь цээжин биеэ ил гаргаж толгойгоо угааж болно шүү дээ. Бид зөвхөн ар тал, нурууны хэсгээс зураг авна. Ганцхан зураглаачийг л оруулна “гэсэн. “Үгүй ээ, хэдэн мянган хүн энэ киног тань үзнэ, би цээжээ гаргаж авахуулж чадахгүй“ гээд л урвайгаад суучихсан. Тэгээд нэг нөмрөг шиг юмтай гардаг юм, одоо бодоход би хамтран зүтгэгчиддээ түвэг учруулсан байдаг юм билээ.

-Таны өссөн орчин, бага наснаас киноны үйл явдал хол хөндий юу?

-Би Дашчойлин хийд буюу Зүүн хүрээний хавьцаа өссөн. Ээж маань Архангай аймгийн Ихтамир сумын хүн байж билээ. Ээж маань хорин хэдхэн настай хорвоогийн мөнх бусыг үзүүлж, муу аав маань гадаа гарч эр хүн, гэрт орж эм хүн болж бид тавыг хүн болгосон юм билээ.

Хожмоо манай гудамжийг Чингэлтэй хорооны Чулуутын нэгдүгээр гудамж гэж нэрлэсэн юм. Ардын зураач Чүлтэм, Ардын жүжигчин Гомбосүрэн, зүүн талд маань жанжин Сүхбаатарын хүү Галсан гуайнх. Тэр үед Ичинхорлоо гуай, Галсан гуайтай амьдарч байсан үе. Тэдний өргөмөл охин Баямаатай бид эртний танил. Хожмоо тэрээр  телевизэд Дууны найруулагчаар олон жил ажилласан хүн дээ. Дугуй малгай хажуу тийш нь духдуулсан, “Опель” дугуйн дээрээ хүрээ маягаар цэмцгэр суусан, хачин гоё хүүхэн өглөө оройгүй манай урдуур өнгөрнө. Тэгэхэд нь би түүнийг “Атишка, Ситишка яасан ганган хүүхэн бэ“ гэж хашхирч саваагүйтээд л хашааныхаа хаалгыг тас хаачихна. Би тэгж л “Нүгэл буян“ киноны Тоохуар ээжийнхээ барааг анх харсан хүн дээ.

-Тоохуар, Мядагмаа хоёр өөрөөр хэлбэл эх охин хоёр “Цусан төрөл“ байснаа хожим мэдсэн хэрэг үү?  

-Эмээ маань, миний ээжийг Архангай аймгийн Их тамир сумаас өргөж авсан гэдэг. Ээжийнхээ булга, минжин малгайтай, сар сувдан зүүлттэй нэг гоё зургийг би тэмдэглэлийн дэвтрийн завсраа хадгална. Тэр зургийг нэг өдөр би Ичинхорлоо ээжийн дэргэд унагаачихаж. Тоохуар ээж маань зургийг үзсэнээ “Хүүеэ энэ чинь манай Цэрэндулам байна шүү дээ, хаанаас авсан юм“ гээд асуугаад байхаар нь гайхаад “Энэ хүн бол миний ээж Хишигтогтох“ гэж тайлбарлав. Гэтэл Ичинхорлоо гуай “Тэгвэл чиний ээж, бид хоёр төрсөн эгч дүүсийн хүүхэд юм байна, Архангайн Их тамирын хүн үү, бас өргөмөл хүүхэд биз дээ“ гэж асуусан. Аливаа юмны учир гэж сонин шүү.

Бас зураг авах явцад бид киногоо хэсэг хэсгээр үзнэ. Тэгээд манай найруулагч Чимэд-Осор гуай “Манай эх охин хоёр анатомийн хувьд адилхан байгаа биз, би ийм л нүдтэй найруулагч даа“ гэж томордог байж. Гярхай, ажигч хүний нүдэнд тэгж харагдсан ч юм бил үү? Хожим нь Ичинхорлоо гуай надад “Чи надтай Ихтамир явж ижийнхээ ах дүүтэй танилц“ гэж нэг удаа хэлсэн. Би залуу ч байж, юун тийм том  хүн дагаж явах энэ тэр санаанд багтахгүй шүү дээ. 

-“Нүгэл буян“ киногоор дипломын ажлаа хамгаална гэдэг тун азтай хэрэг. Их том үнэлгээ авсан биз.

-Тэгсэн, тэгсэн. Манай ангийнхныг Монголын ард түмэн андахгүй ээ. Гавьяат жүжигчин Бужгар, Готов, Сэлэнгэ, Мягмар, Лхамхүү, Элбэгсайхан, Ардын жүжигчин Мэндбаяр нар төрсөн юм. Ангийнхан маань Радио телевиз, Хүүхэд залуучууд, Улсын драмын театр, Хүүхэлдэйн театрын анхдагчид байлаа. Монголын телевизийн анхны найруулагч Зориг, Бадрах, Норжмоо болон Дэлэгням, Тайп, Нарантуяа, Надмидцэрэн, Батсүх, Зууннаст, гээд бүгд л одтой, онгодтой, хийсэн ажилдаа эзэн болж, урлагийн түүхэнд тод мөрөө гаргасан улс даа. Манай Зориг чинь доктор хүн. Би ч бас гайгүй л сурлагатай хүүхэд байж. Нэг удаа “Залуучуудын үнэн“ сонин дээр гарч аавынхаа өнчин зүрхийг нэг их баярлуулж билээ. Нэр, мөр бүтэн явахыг л эцэг эх маань эрхэмлэн захидаг, тэр замаар нь л явж иржээ.

-ЗХУ-ын Ардын жүжигчний мэндийг Рэнцэнноровт хүргэж явсан түүхэн хүн дээ, Та

-Дипломоо онц хамгаалсан тэр жил, 1963 он юм даа. ЗХУ-д болсон Кино наадамд Гомбосүрэн багш, Доржпалам найруулагч бид хэдийг явуулсан. Тэгэхэд л би Оросын киноны “Од“-уудыг олж харсан. Белоруссийн “Малый театр“т  Монголын жүжигчид кино, концерт үзлээ. Нөгөө Сүхбаатарын дүрийг бүтээсэн ЗХУ-ын Ардын жүжигчин Свердлин гуай Монголын жүжигчдийг хүлээн авав. Тэгсэн тэр, их л холоос “Хонин жороо морь“-ийг аялсаар гараа алдлан гарч ирснээ “Ах дүү эрхэм Монголын төлөөлөгчид сайн явж ирэв үү“ гээд монголоор мэндэлсэн. Нутгаа санаад ч тэр үү, тэр хүнийг бишрэн хүндэлсэндээ ч юм уу, дотор өөд нэг юм огшоод, нулимс гараад явчихсан. “Тэгсэн Свердлин гуай“ Миний хайрт гэргий Рэнцэнноровын бие сайн уу, бас Ардын жүжигчин “Алтан“ Цэгмидийн бие сайн уу“ гэж байсан. Тэр бол Цагааны Цэгмид гуайн авьяас билгийг гадаадын тэр том жүжигчин ингэж үнэлж байсан юм. Ө.Рэнцэнноров багшдаа ЗХУ-ын Ардын жүжигчин Свердлины халуун мэндчилгээг дамжуулж явсан азтай хүн дээ, би.

1963 он ЗХУ-д кино фестивалийн үеэр

-Таны анхны тоглосон кино том амжилтанд хүрсэн байхад та яагаад Телевизийн урлаг руу орчихсон юм бэ ?

-Би сургуулиа төгсөөд Архангай аймгийн Соёлын ордны найруулагчаар нэг жил, Хүүхдийн театрт таван жил алдарт найруулагчаар ажилласан. Гэндэнгийн туслах найруулагчаар ажиллаж “Ромео Жульетта“ жүжгийг найруулан тавьсандаа одоо ч баярлаж явдаг юм. “Залуу гварди“, “Жирийн хүмүүс“,“Нөмрөг хадны цуурай”, “Агуйн нууц” зэрэг жүжиг кинонуудад гол дүрийг бүтээж, олон олон жүжигт туслах дүрд тогложээ. Зориг, Бадрах, Норжмоо гээд нөхөд маань телевиз рүү яваад, бас шинэ содон санагдаад би Телевиз рүү “урвачихсан“ хүн дээ. Тэгэхэд ууган Телевиз маань дөнгөж дөрөвхөн настай байсан юм.  

МҮОНТ-ийн анхны найруулагч Д.Туваанжав, Дуламсүрэн болон уран бүтээлчдын хамт

Архангайн театрт найруулагчаар ажиллаж байх үе

Хүүхэд, жүжиг уран зохиол, суртал, хөгжмийн редакцид найруулагчаар ажилласан Д.Дуламсүрэн сүүлийн он жилүүдэд нэвтрүүлгийг шууд цацах сүүлчийн дамжлага, галын тэргүүн шугам буюу анхаарал, хяналт сулруулж үл болох  Телевизийн “Эфир“дээр 20 гаран жил найруулагчаар ажилласан хүн. Тэрээр Монголдоо бэлтгэгдсэн театр, киноны анхны мэргэжилтэй жүжигчдийн нэг. Алдарт эхийн одонтой. Соёлын тэргүүний ажилтан, радио телевизийн ажилтан. Дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн, олон ач зээ нарын эмээ. Түүний нөхөр С.Ганжууржав ч Монголын радиод нэвтрүүлэгч, сурвалжлагчаар ажиллаж байсан Радио телевизийн “угшилтай“ уран бүтээлч хүн.

Д.Дуламсүрэнгийн гэр бүл

Найруулагч Д.Дуламсүрэн ажил дээрээ...

Жүжиг уран зохиолын редакцын уран бүтээлчид

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

ДУРСАМЖ ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД: “Нүгэл буян“ киноны Мядагмаагийн дүр залуу насыг минь мөнхөлсөн  
Үзсэн: 12110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-21 15:15
Тэнцвэрийн ертөнц
Зочин [127.0.0.xxx] 2023-06-13 17:50
Дуламсүрэн эгчдээ сайн сайхныг хүсч эрүүл энх,урт нас удаан жаргал ерөөе!
Аваадорж [127.0.0.xxx] 2023-06-13 11:24
Бэр эгчидээ урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлье
Зочин [127.0.0.xxx] 2023-06-13 08:44
Үнэхээр сайхан дүр шүү киног бодохоорл мядагмаагийн дүр бууж ирдэг сайханч кино аз жаргал хүсье
Зочин [127.0.0.xxx] 2023-06-11 22:56
Сайхан эмэгтэй танд сайн сайханыг хүсэе.Нэгл цаанаасаа зөөлөн энэрэнгүй эмэгтэйдээ. Нүгэл буяны Мядагмааг гоё гаргаж чадсан шүү.
Зочин [127.0.0.xxx] 2023-06-11 21:19
Stand eruul enh az jargal urt NAD udaan jargal husen eruue
dsn [127.0.0.xxx] 2023-06-11 19:41
NUGEL BUYN kino garah ued bi 10 jiliin suragch blaa , ter jil Ganjuurjav bagsh manai angid hicheel ordog bsn , tehed bid kinonii Mydagmaa chini bagshiin ehner gej , haanaasaa ch medsen ym bi lav ergelzej bsn , harin 60 jil ungurch ene bichilegiig uzeed mun bndaa GANJUURJAV bagsh mini shn dulguun hun bsndaa gej uuriin erhgui nudend mini tuslaa , ger buld n az jargal eruul enhiig husie !
Банзрагч [127.0.0.xxx] 2023-06-09 18:01
Сайн байна уу.Танд сайн сайхныг хүсэн ерөөе. Ийм сайхан сор уран бүтээлчидтэй нэг хэсэг үе нэгэн том тогооноос хооллож ундаалж явсан даа баяртай байдаг..Урт наслаарай

Бидэнтэй нэгдээрэй