Шууд Chart

Амны ус

2014-08-04 11:12:03

Ус ус л гэнэ. Хар ус харамлах нь гэх ундууцал. Ус чандмань эрдэнэ гэх хүндэтгэл хоёр ихэрлэн аж төрнө. Дэлхийгээ харахаар цэнхэртээд байх. Яасан ч их ус вэ дээ гэмээр. Бөөр алаг дэлхийн минь 70 гаруй хувь ус гэж байгаа...Бас мөс цас хэлбэрээр ч зөндөө л ус бий...Хөрс шороон доор гүний ус тодотголтой их ус бий. Уснаас их юм алгаа. Ус хаа сайгүй. Төмсний 80 хувь, үхрийн 74 хувь, бактерийн 75 хувийг ус эзэлдэг. Улаан лоолийн 95 хувь нь ус гэж байгаа. Хүний хүртэл гуравны хоёр нь буюу 65 хувь нь ус. Хүний биед хамгийн их усархаг эрхтэн нь нүд. Бараг 95 хувь нь ус. Тэгээд ч монголчууд “усан нүдтэй цусан зүрхтэй” гэсэн биз дээ. Битгий усан нүдлээд бай гэж уйлхай хүнийг зэмэлдэг шүү дээ. Ус маш хачин зүйл. Хэлбэргүй, тунгалаг. Гэсэн ч бид хажууд нь байх дуртай. Ус ямар ч амт үгүй боловч бид амтанд нь дуртай. Мандах нарны гэрэлд хэрхэн туяарахыг нь харах гэж бид өчнөөн мөнгө төлөн байж алс хол зайг туулан ирж таашаал авдаг. Ус аюултай, жил бүр олон арван мянган хүн живж үхдэг гэдгийг мэддэг мөртөө бид усан дотор хөлбөрөхгүй байж чаддаггүй.

Ус хаа сайгүй байдаг болохоор бид түүний ер бусын шинж чанарыг нь онцгойлон ойшоодоггүй. Бусад шингэн зүйлсийн шинж чанарыг усаар төлөөлүүлэн таамаглах бараг боломжгүй. Хэрвээ чи усны тухай юу ч мэдэхгүй учир химийн хувьд хамгийн төстэй устөрөгчөөр баримжаалан усыг ойлгох гэж оролдлоо гэж бодъё. Тухайлбал гидроселенид эсвэл гидросульфидтай төстэй гэх юм бол чи усыг цельсийн хасах 93 градуст буцалдаг, өрөөний температурт хий болон дэгддэг гэж том эндүүрэх болно.

Ийм элбэг юмны төлөө харуусан халаглаж, хар ус харамлаж байх хэрэг байна уу гэх зөрүүд бодол намайг эзэмдэнэ. Дэлхий өөрөө хөлрөн агаарт хичнээн усаа илгээж, тэр нь бороо цас мөндөр хяруу болон буцаж ирэх...Ус бол эргэж буцсан хөдөлгөөн дунд хүн байгаль, араатан жигүүртнээ ундалж ирсэн. Ус бол   өөрийгөө гурван төлөвт хувиргаж чаддаг ид шидтэй бодис. Тэр хатуу, шингэн, хийн хэлбэрээр байгаль дэлхийд оршиж чаддаг. Сүүлийн үед усанд дөрөв дэхь том хувирал төлөв байна гэж үзэх болсон. Энэ нь мэдээлэл дамжуулах төлөв болой.
Үүнийг орон орны эрдэмтэд оношилж тодруулсан олон жишээ баримт, зураг сэлт бий. Түүнийг энд яришгүй ээ... Усны үнэ цэн гэж юу вэ...Яагаад эрдэнэтэй зүйрлэв... Бодоцгооё.  Ус чандмань эрдэнэ, хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн гэдэг нь тодорхой.  Түүний үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүй, усгүйгээр  хүн төрөлхтөн амьдарч чадахгүйд байгаа юм. Гэвч дэлхий дээр байгаа бүх усны 1 хувь нь цэвэр ус байдаг. Харин 97 хувь нь далай тэнгисийн ус, 2 хувь нь хойд өмнөд туйлын ус буюу мөс  билээ. Ундны цэвэр ус өнөөдөр томоохон хотуудын хамгийн гол санаа зовоосон асуудлуудын нэг болоод байна. Хүн төрөлхтөн орчин үеийн шинэ технологийн дагуу Колонайзийн буюу эсийн аргаар юуг ч хиймлээр хийж, гаргаж авч чадаж байна.
Английн эрдэмтэд Дойлийн хонь, Өмнөд Солонгосын эрдэмтэд нохойг эсийн аргаар гаргаж авсан байдаг. Тэр ч байтугай хүн хүртэл гаргаж болохыг нээгээд байна. Тэгвэл энд нэг л зүйлийг хүн төрөлхтөн гаргаж авч чадахгүй бөгөөд тэр нь УС. Хүн төрөлхтөний ганц гаргаж авч чадаагүй зүйл бол УС гэдгийг дахиад дурдая. Өдөр ирэх тусам дэлхийн дулаан газар авч,газар шороо маань  хуурайшиж, цэвэр усны нөөц багасаж,  хүний тоо, хэрэглээ хурдацтай өсөж байгаа өнөө цагт бид усаа хэмнэхгүй бол усны хэрэглээний хязгаартай болохоор ус гэгч эрдэнэ 1990-ээд оны картын бараа шиг болох аюул бий. Иймд та бүхэн усны үр ашиггүй хэрэглээгээ багасгаснаар хойч үе, үр хүүхэддээ цэвэр усаа үлдээж чадна гэсэн үг л дээ. Ингэж л олон талаас нь ус чандмань эрдэнэ болохыг батлаад байгаа юм л даа. Одоохондоо элбэг болохоор нь бид усыг үнэлэхгүй байна. Гэтэл усгүйгээр хүн нэг ч хоног амьдарч чадахгүй. Цөлд цангаад үхэх гэж байгаа хүн аяга усны төлөө алт, мөнгө, юугаа ч хайрлахгүй. Ус гэх энэхүү нандин эрдэнийн бодит үнэ цэнийг монголчууд бид хэзээ, яавал бүрэн ойлгож, түүнийг хайрлан хамгаалж, ариг гамтай хэрэглэх юм бэ? Бүх усаа барж, хатаж үхэхийн даваан дээр л ойлгох гэж үү? Монголчууд ярьдаг даа. “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэж. Ус ямар үнэ цэнтэйг үүнээс өөрөөр юу гэж тайлбарлан номлох вэ дээ... Зүй нь алтан аяганаас сүү ч юм уу, архи ч юм уу, айраг ч юм уу уух боломжтой шүү дээ. Тэгсэнгүй. Амьд явахтайгаа зүйрлэсэн энэ чухал эрдэнийг бид хайрламаар л байна. НҮБ-аас усны өдрийг тэмдэглэдэг болсоор 22 жил болж байна. Ус түүний эргэн тойронд санаа тавьж, ухаан уралдуулж, усны үнэ цэнийг сурталчлах болсоор өдий хүрч байгаа юм. Үүнтэй холбогдуулаад бас нэг жишээ татья л даа.  Ус хомсодсноос дэлхий дээр өдөрт 14 мянган хүн (түүний 11 мянга нь таваас доош насны хүүхдүүд) нас барж байна. 2050 он гэхэд 48 орны хоёр тэрбум хүн усаар гачигдах гэнэ. Шалтгаан нь юу вэ? Нэг талаас манай гаригийн усны нөөцийн 98 хувь нь давстай, нэг хувь нь туйлын мөсний дор бол мөн нэг хувь нь гол нуур, газрын дорх буюу ашиглаж болох цэнгэг ус аж. Нөгөө талаас дэлхийн хүн ам ихээхэн өсөж, усны хэрэглээ түүнээс ч хурдан нэмэгдсээр байгаа юм. Мөн хорлонтой юм шиг, дэлхийн хотуудын 95 хувь нь хэрэглэсэн усаа гол, цэвэр усны эх үүсвэр рүү хаяж байна.
Монголд ч гайхуулах зүйл байхгүй. Өнөөдөртөө хэн нэг нь цангаж үхээгүй ч тэр чиглэл рүү л “галт тэрэг” хурдалсаар байгаа. Хүн амын талаас илүү нь нүүж ирээд буучихсан Улаанбаатар хотын хувьд л гэхэд, цэвэр усны ганц эх үүсвэр болох газрын гүний ус нь 15 метрээр доошилж, 2017 оноос усны хомсдолд орохыг олон улсын байгууллагууд сануулсаар байна. Яагаад гэвэл нэг талаас хотын усны хэрэглээ нь өсөж, үр ашиггүй зарцуулан, нөөц нь илт багасч буйгаас, нөгөө талаас байгаа усаа оршин суугчдад хүргэдэг дэд бүтэц нь муудаж, зэврэн цоорсноос олон газарт зэрэг зад үсрэх магадлал маш өндөр болжээ. Энэ бол аймшигтай жишээ. Аймшигтай тоо баримт.  Элбэг мөртлөө ховордоод байгаа ус хэмээх чандмань эрдэнийн тухай уншигч тантай санал уралдуулж чухам үнэний төлөө урагшаа харцгаая.
Би чинь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул. Хүйсийн говийн хөх зэрэглээнд умбаж өссөн говийн хүн. Манай нутаг ус муутайгаараа алдартай. Энэ усыг яана гэж үгэлсээр миний л мэдэх олон арван жилийг үдэж угтаж байна. Орчин үеийн хэлээр бол усны хатуулаг ихтэй. Унданд зохис муутай. Тийм болохоор сүүлийн жилүүдэд ус зөөлрүүлэх гэдэг асуудал гарч ирсэн. Олон л аппарат сэлт байдаг дуулдах... Ямартай ч хүүхэд ахуйгаасаа би усны үнэ цэнийг мэдэрч өссөн. Бас усыг ялгаж салгаж ойлгодог болсон хүн л дээ. Усыг ахуй хэрэглээнээс нь хамааран олон ангилж болно. Ундны ус, амны ус, малын ус, тогтоол ус, худгийн ус, голын ус, нуурын ус, борооны ус, хүүхдийн ус, эхийн ус, хулангийн ус, нүдний ус...гээд явж өгнө. Тэр дундаас АМНЫ УС гэдэг айхтар үнэ цэнтэйг нь жаахан тодруулья. Энэ үгийг манай сумыхан гаргасан байх гэж би боддог шүү. Манай нутагт амны ус шиг үнэ цэнтэй юм байхгүй. Говьд эрт хавар болж жаахан цас нь хайлаад халуун шуурга нүдэж эхлэнэ. Энэ үед амны ус хэрэгтэй болно. Монголчууд олон зүйлийг дарж хадгалдаг. Ногоо дарах, дарш хийх, дармал архи гээд олон төрөл бий. Манай нутгийхан бол   цас дарах гэж нэг сонин арга амьдрал ахуйдаа хэрэглэдэг юм. Хаврын хаварт дулаараад урь унаад ирэх үес говийн бэсрэг бор уулсаа нэгжин өвөлжөө хаваржааныхаа ойр орчимд   уулын ар сүүдэр хүүш  хунх газрыг сонгон гуу жалга, агуй юу л байна. Тэнд цас хураана. Сайн нягтаршуулна. Овоолоод л байна. Тэгж тэгж хом бамбай, эсгий туурга юу байдгаараа хучиж хулдана даа. Ингээд хучлагаа салхинд хийсчихээргүй чулуугаар дуруулж орхино. Энэ бол манай нутгийхны цас дарах арга. Өөрөөр хэлвэл амны усаа нөөцлөх шалгарсан арга. За ингээд л малынхаа аяыг дагаад шинэ ногооны сөл хөөн нүүгээд арилна даа. Малаа услах худаг сэлт ихтэй. Худаг бараадаад л бууцгаана. Харамсалтай нь тэр худгууд ундарга сайтан тунгалаг хар устай ч аманд ууж болохгүй. Тэр бол амны ус биш. Малын ус. Ахуй хэрэглээндээ хэрэглэх ус. Нүүр гараа угаахаас эхлээд хувцас хунар, тогоо шанага, аяга шаазангаа угаах хүртэлх хэрэглээнд л зохино.  Энэ үед дарсан цаснаасаа бага багаар авч ууна. Шар өвс хөвсөн цас тогоон дээр хайлмагтан цэнхэртээд мөн ч сайхан шүү. Ийм л цэнгэг ариун усаар амны усаа хийдэг ард түмэн дээ. Хонь мал ногоонд цадаад  зуны дунд сар гартал дарсан цасаа зөөж ууна. Ингээд аргагүйн эрхэнд дарсан цас нь дуусч зөөврийн усанд явах болно. Манай нутагт Монголын их элсний баруун хаяанд элсэн дотор алд гаруйхан гүнтэй Ширгийн худаг гэж нэг худаг бий. Энэ худаг бол дарсан цастай агаар нэг сайхан зөөлөн шар устай. Манай зуслан энэ худгаас хорь гаруй, зарим тохиолдолд бараг 30 км алс байна. Тэгээд л тэмээ малаар, хувин саваа базаагаад Ширгийн худаг руугаа усны аянд явна.    Нэг явахдаа 200 гаруй литр ус авдаг байсан санагдана. Бетон, модон хувин, агар хувин, дугуйны олгой хаймар юу эс вэ....Ингээд усаа аваад ирэхэд нэг бүтэн өдрийн л ажил болдог сон. Аваад ирсэн усаа бөөгнүүлж тавиад бас л хучиж гарна даа... Энэ нь чухамдаа ус наршихаас хамгаалж байгаа хэрэг. Өөрөө наршихыг үл тоон амны усаа л наршихаас хамгаална. Ингээд бодохоор ус чандмань эрдэнэ гэдгийг амьдралаараа батлаад өгч байна даа. Амны ус гэдэг үнэндээ бол рашааны шидтэй зүйл. Амны ус. Ийм ариун үгийг манай нутгийхан бурханы сургаал мэт нандигнадаг.
Нутгийнхаа АМНЫ УС хэмээн шүтдэг нэгэн уламлжлаыг монгол даяар, тэр тусмаа нийслэл хотдоо түгээх юм сан. Тэгвэл   төр засгаасаа эхлээд түмэн олон маань ус чандмань эрдэнэ гэдэг билэгтэй үгийн араас хөөцөлдөх юун...Амны ус гэж амин ус аа...

Амны ус  
Үзсэн: 8180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-08-15 17:37
Ус-чандмана эрдэнэ. Алт үүрсэн баян, ангамал талд 1л усыг 100 грамм алтаар сольж аван усанд мөргөн залбирч байхыг би харсан. Усаа цэвэр ариун байлгахын төлөө, хайрлаж хямгадахын төлөө алт , мөнгөө зарцууулъя.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-14 10:04
saihan niitlel bna
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2014-08-06 17:11
yutai unen bilee usgui bol yaj amidrah ym be
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2014-08-06 14:41
Харсаар байтал бидний нүдэн дээр олон булаг, шанд, гол горхи минь ширгэж алга болоод байна. Монголчууд бид чандмань эрдэнэ усныхаа талаар бодохгүй бол бидний үр хойчид үлдэх зүйл юу билээ гэж бодогдоно...

Бидэнтэй нэгдээрэй